Цаг үе
Монголын баг шилдэг тамирчдаар бүрджээ
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцож байгаа ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрджээ.
Олонх нь Зэвсэгт хүчний уралдаан тэмцээний тэргүүн эгнээнд явдаг тамирчид. Тухайлбал, тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд гэхэд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, гурван төрөлт, саадын зурвас мэргэн буудагчийн хоёр төрөлт, өвлийн хоёр төрөлт, зуны таван төрөлт, цэрэгжлийн гимнастик гээд олон уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн спортын мастер. Жүдо бөхийн дэд мастер. Зэвсэгт хүчний уралдаан тэмцээн бүрт манлайлан оролцдог дэслэгч маань Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн биеийн тамир, спортын дарга бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынх. Магадгүй малчин айлд төрж өссөн түүний хувьд эмнэг сургаж, хурдны морь унах нь гар доорх "ажил" нь байх.

Моринд эрэмгий, спортод гарамгай энэ залуу эх орондоо зохион байгуулагдаж байгаа морин цэргийн уралдаанд монгол цэрэг л түрүүлэх ёстой. Түүний төлөө манай баг тамирчид маш их хичээж байгаа, багийн дасгалжуулагч, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг өөрийнх нь хүүхэд шигээ хайрлаж, зэмлэж байдагт нь баярлаж явдаг гэлээ. Аав, ээж нь уралдааны хаалтын ёслолыг нь үзэхээр хөдөөнөөс ирэх болсонд баяртай буйгаа ч дуулгалаа.
Тус багийн олон шилдэг тамирчны нэг нь дэслэгч Г.Цэнд-Аюуш (256), дэслэгч Г.Өлзийбаяр (232), ахлагч М.Идэрбат (330) нар юм. Дэслэгч Г.Цэнд-Аюуш мөн л Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн сагсан бөмбөг болон гар бөмбөгийн шилдэг довтлогч. Монгол Улсын Зэвсэгт хүчний тэргүүний алба хаагчдаас шигшигдэж, "Аравт"-ын анхны оролцогч болж байгаадаа баяртай байгаа. Хамгийн том зорилт нь багаараа түрүүлэх гэсэн бол дэслэгч морь бугуйлдахдаа сурмаг дэслэгч Г.Өлзийбаяр баг хамт олноо нэг гар шиг цул гэж онцлов.

Тэдний хувьд нь онооноос нь "чангаах" дасгал харьцангуй гайгүй. Зургаадугаар сараас эхэлсэн сургалтын үр дүнг одоо л харах ёстой. Бид монгол хүлгийн эзэд гэдгээ баталж, "Аравт"-д түрүүлэхийн төлөө бүгд хичээж байгаа гэлээ. Харин ахлагч М.Идэрбатын хувьд 2012 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэснээс хойш Зэвсэгт хүчинд алба хааж байна. 2013, 2014, 2017, 2019 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд анги байгууллагаараа амжилттай оролцсон шилдэг ахлагч юм.
Эх сурвалж: ЗХЖШ
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2021/02/05
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2023/05/03
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
-
Шударга мэдээ2026/04/27
Замын хөдөлгөөний хяналт сайжирч, гүйцэтгэл 95 хувьтай үнэлэгдэв
-
Цаг үе2021/08/30
Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна
