Шударга мэдээ
Тайлан ирүүлэх хугацааг сунгалаа
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага мөн үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нар 11 сарын мэдээгээ 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.
Гэвч короновирус (Covid 19)-ын халдвар манай улсад голомтлон гарсантай холбогдуулж Засгийн газраас 12 дугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Иймд энэхүү нөхцөл байдалтай холбогдуулж тайлан ирүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж байгааг мэдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанд багтаж тайлангаа ирүүлнэ үү гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв.
Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 182 сургуулийн нийт 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байна.
Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр төлөвлөж байгаа аж.
Ариутгал, халдваргүйжүүлэлт энэ сарын 4-10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэдгийг УБЗАА-ны Орчны хог бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.






Шударга мэдээ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгээр эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн Түүх, Англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Арванхоёрдугаар сарын 5-нд хими, Газар зүй, Нийгэм судлалын шалгалт явагдана. Харин арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл, арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.
Өвлийн Элсэлтийн Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй юм.
Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой.

Шударга мэдээ
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүллээ
Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилготой “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн 110 айлын 4 блок бүхий орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулж, оршин суугчдыг хүлээн авч эхэллээ. Төслийн онцлох давуу тал нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй юм. Мөн саарал усыг дахин ашиглах системийг тусгаснаараа хотын хэмжээнд анхдагч, жишиг төслийн нэг болж байна.
Төслийн барилга бүр онцлогтой. Тухайлбал, А блок нь гурван улирлын хүлэмжтэй. Айл өрхүүд гэртээ ногоо, ургамал тарих боломжтой. В блокийн урд фасадад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Харин С блок нь нарны дулаан хуримтлуулах тромбын ханатай учир дулаан алдагдлыг багасгасан. D блокийн фасадад байгальд ээлтэй, эко өнгөлгөөний материал ашиглажээ. Мөн оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс чөлөөт цагийн бүс, ногоон байгууламж, дугуйн зам зэрэг шийдлүүдийг төлөвлөн байгуулсан байна. Түүнчлэн дээрх стандартын адил Шархад дэд төвд эхний 110 айлын 4 блок орон сууц баригдаж, улсын комисс хүлээн авч байна.
Төсөл бүрэн хэрэгжиж 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, ус хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээ нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, жишиг орон сууцны хороолол бий болно. Ингэснээр нийслэлд 5000 яндан, 5000 нүхэн жорлон устаж, агаар, хөрсний бохирдол буурах судалгаа гарчээ.

