Улстөр нийгэм
Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны төгсгөлд Барагшуны нөөц, ашиглалтын талаарх салбарын яамны мэдээллийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын С.Одонтуяа танилцуулсан.
Монгол орон нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж гэдгийг сайд онцлоод барагшун нь Барагшун нь далайн түвшнээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт хүйтэн, сэрүүн болон хуурай нөхцөлд хадны агуй, гуу жалганд хайлмагтсан, давирхайлаг байдалтай хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн өвөрмөц амт үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулан тогтсон байдаг гэв.
Мөн Монгол Алтайн уулс болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад тархсан ба Говь-Алтай аймаг 58, Ховд 89, Увс 140, Баян-Өлгий 28 тонн барагшуны нөөцтэй гэж тогтоосон байна. Гэтэл нутгийн иргэн, аж ахуй нэгжүүд их хэмжээгээр бэлтгэн, эргэн нөхөн сэргэх боломжийг алдагдахуйц хэмжээнд ашиглаж, хууль бусаар бие биеэсээ өрсөж түүж бэлтгэх, дотоодын үйлдвэрлэлд өгөхгүйгээр шууд гадаадад гаргах сонирхол их байдаг. Тухайлбал, 2016 онд 17 аж ахуй нэгж ОХУ, Энэтхэг, БНХАУ улс руу 2335 тонн түүхий болон хагас боловсруулсан барагшун экспортолсон дүн байдаг. Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, зөвлөмжийг үндэслэн БОАЖ-ын Сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар, судалгааны дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг таван жилээр хориглох, 2022 оны А/108 дугаар тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, ашиглах, худалдах, худалдан авахыг таван жилийн хугацаатайгаар хориглосныг С.Одонтуяа сайд онцолж байлаа.
Мөн барагшуныг түүхий эд байдлаар гадаадад гаргахыг хориглосноор манай улсад төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага судалгаа хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулж гаргах, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна. Монгол Улсын ШУА-ийн биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгүүд аж ахуй нэгжүүд, эмийн үйлдвэрүүд хамтран судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн үндэсний стандартыг батлуулсан байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн 25 жил барагшуны чанар, ашиглалтын талаар судалгаа хийж, доктор Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртсэн. Цаашид энэхүү бүтээлээр дэлхийд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв.
Цаашид барагшуны жилд ашиглах боломжит нөөц, нөхөн сэргээх хугацаа давтамж, найрлага, ач холбогдлыг нарийвчлан тогтоох судалгааг хийх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос барагшуны нөөц, тархацын судалгаанд хөрөнгө төсөвлөхийг аймгуудад даалгах, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох, хууль бусаар түүж бэлтгэсэн түүхий эд байдлаар гадаадад гаргах биш, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн барагшунаар олон улсын стандарт шаардлага хангасан үндэсний брэнд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортлох нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгалийн нөөцийн ашиглалтын бүсийг тогтоож, жилд ашиглах зохистой хэмжээгээр ашиглах боломжийг бүрдүүлэх, түүхий болон хагас боловсруулсан эд байдлаар экспортлохыг хориглох, хууль бусаар түүж бэлтгэх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2024/09/17
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
-
Цаг үе2024/02/27
БНХАУ-ын Нанжины орон сууцанд цахилгаан унадаг дугуйнаас гал гарч 15 хүн амиа ал...
-
Улстөр нийгэм2021/08/13
Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ
-
Цаг үе2021/10/15
Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна
