Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.
11 дүгээр сарын 05, 06-ны Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.26-ны өдрийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.
Улстөр нийгэм
Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.
Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ.
Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцна, орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна.
Улстөр нийгэм
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй,алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахчиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгов.
Улстөр нийгэм
Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судална
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар байгуулагдсан Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас төрийн болон орон нутгийн өмчит 18 байгууллага нийт 482.48 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр өнөөдрийн байдлаар 27 зээлдэгчийн 1.3 их наяд төгрөг байна. Танилцуулгатай холбогдуулан,
- Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулж, танилцуулах, шийдвэрлүүлэх;
- Авлагад тооцон хүлээн авсан хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулах;
- Хөрөнгө худалдсаны орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.