Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

А.Энхжин: Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

Огноо:

,

Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаад баярлалаа. Ковид-19 цар тахлын үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Товч танилцуулахгүй юу.

- Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгсэлээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан. Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулах, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, Төв банкнаас санхүүжилт авах барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авч, энэ талаараа олон нийтэд мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнээс гадна УИХ-аас батлагдсан хуулийн дагуу ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас дахин хэрэгжүүлэх, тус зээлийн төлөлтийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажлыг хийж байна.

- Ипотекийн зээлийн эрэлт манай улсад өндөр байдаг. Тэгвэл ипотекийн зээлийн шалгуурт ямар нэгэн өөрчлөлт орсон уу,  2020 оны санхүүжилтийн хэмжээ нь ямар байх талаар мэдээлэл өгнө үү?

- Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан ипотекийн зээлийн хөтөлбөрт дараах өөрчлөлтүүдийг оруулсан:

· Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд 2020 оны 4 дүгээр сард багтаан тухайн харилцагч банкандаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулах боломжтой болсон. Харилцагчдын хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж дууссан бөгөөд тус зохицуулалтад нийт 38,270 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийг хамруулаад байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаас 3 сарын хугацаанд олгохоор болсон бөгөөд үүнд 34,358 зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээл хамрагдах урьдчилсан тооцоолол байна.

· Өмнө нь ипотекийн зээл авахын тулд урьдчилгаа төлбөрт зөвхөн өөрийн эзэмшил дэх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах боломжтой байсан бол журамд өөрчлөлт оруулан, хамтран зээлдэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг мөн барьцаалах боломжтой болсон. Ингэснээр өрх тусгаарлаж байгаа залуу гэр бүл гэх мэт өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй иргэд орон сууцны зээлд хамрагдахад илүү уян хатан нөхцөлтэй болж байгаа юм.

· Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахаар Нийслэлийн Орон Сууцны Корпорацитай мөн хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд 2020 оны эхний хагас жилд Монголбанкнаас хуваарилсан 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкууд 1646 зээлдэгчид олгосон бөгөөд 2020 оныг дуустал хугацаанд Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 150 тэрбум төгрөг буюу нийт 300 орчим тэрбум төгрөгийг 4,500 орчим зээлдэгчид олгохоор төлөвлөөд байна. Мөн  түүнчлэн Нийслэлийн Орон Сууцны Корпорациас хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 1,000-1,500 орчим тооны төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцтай болохоор тооцоолсон.

- Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 тоот тогтоолын дагуу гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг Монголбанк болон УУХҮЯ-наас хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкнаас алт олборлолтыг нэмэгдүүлэхэд зориулан эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор холбогдох журмыг боловсруулж, гэрээг банкуудтай байгууллаа. Тус санхүүжилтийг олгосноор алт олборлогч аж ахуйн нэгжийн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, Монголбанканд тушаах алтны хэмжээ өсөж, энэ нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болох юм. Мөн Монголбанк 2020 оны эхний 6 сарын байдлаар 10.8 тонн алт, үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 4.8 тонн буюу 80 орчим хувиар өссөн байна.

- Дээрх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Энэ нь манай гадаад валютын албан ханшид  хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

- Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах хэмээн заасан байдаг. Энэ зорилтын хүрээнд Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах тухай “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-д тусган хэрэгжүүлдэг. Монголбанкны 2020 оны инфляцийн зорилтот түвшин 8 хувь бөгөөд дунд хугацаанд инфляцийг 6 хувь орчимд тогтворжуулах зорилго тавьсан. Харин инфляци улсын хэмжээнд 2020 оны 6 дугаар сард 2.8 хувь, Улаанбаатар хотод 2.4 хувьд хүрч, сүүлийн 5 сар дараалан буураад байгаа нь мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай байгааг харуулж байна. Иймд гадаад валютын ханшид үзүүлэх дарамт харьцангуй бага байх боломжтой.

- Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл хуваалцаач.

- Монголбанкнаас төгрөгийн ханш огцом сулрах эрсдэлтэй, энэ нь эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй, түр зуурын шинжтэй байх үед үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ажилладаг. Эдгээр бодлогын шийдвэр нь Төв банкны гол зорилт болох инфляцийг зорилтот түвшинд хадгалах, эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Гадаад валютын албан ханш 2020 оны эхний хагаст 3.3 хувиар суларсан бөгөөд Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615.0 сая ам.доллар нийлүүлээд байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцлийг байгуулан ажиллаж байна.

Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад валютын улсын нөөц 2020 оны 6 дугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа. Мөн түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк өөрийн Олон Улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондыг 5 дугаар сард амжилттай төлсөн. Ингэснээр дараа жилийн 4 дүгээр сар хүртэл хүлээгдэж буй томоохон гадаад төлбөр байхгүй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Гадаад орчны хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарлаа. Экспорт 6 дугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, алт олборлолтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл гадаад валютын зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй, валютын ханш тогтвортой байна гэж харж байна.

Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлснийг дурдах нь зүйтэй болов уу.

- Ирэх онуудад төлөх гадаад өрийг хэрхэн санхүүжүүлэх вэ?

- Компани хоорондын шууд хөрөнгө оруулалтын дүнг хасвал 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 19.8 тэрбум ам.доллар буюу 2019 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 143 орчим хувьтай тэнцэж байна. Нийт өрийн бүтцээс харахад 36.5 хувь нь Засгийн газрын өр, 10.0 хувь нь Төв банкны өр, 53.5 хувь нь хувийн хэвшлийн өр төлбөр эзэлж байгаа юм.

Өмнө дурдсанчлан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд Төв банкууд мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа тул Олон Улсад хүүгийн түвшин тогтвортой буурч, санхүүжилтийн өртөг, зардал хямдарсаар байна. Мөн Олон Улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд Пүүрс агентлагууд Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг харгалзан, зээлжих зэрэглэлийг хэвээр буюу “B”, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ. Эдгээрээс дүгнэхэд гадаад өр, зээлийн хэмжээг бууруулах, эдийн засагт дарамт багатай дахин санхүүжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 22 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе18 цаг 33 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ19 цаг 23 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм19 цаг 40 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм19 цаг 46 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм19 цаг 57 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе20 цаг 1 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе20 цаг 7 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох