Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.
Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.
Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.
СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

Улстөр нийгэм
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дууссан. Ирэх дөрөвдүгээр сард станцын барилга угсралтын суурийн ажлыг эхлүүлэх юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төслийн гүйцэтгэгчээр "Митайм Интернэйшнл" компани шалгарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслийг хэрэгжүүлж байна. Тус станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг орон сууцжуулахад цахилгаан, дулааны томоохон эх үүсвэр болох юм.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2х150 МВт хүчин чадал бүхий хоёр блоктой байна. Агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2-ыг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуух ашиглана. Станцыг усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгальд ээлтэй шийдлээр барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажилласан үед жилд дулааны ачаалал 4.8 сая ГДж байхаар ТЭЗҮ-ээр тооцоолсон. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Азийн Хөгжлийн Банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.
Нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэдээ үзүүлж эхэллээ. Тухайлбал, Siemens брэндийн 128 зүслэгтэй компьютер томографийн аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг иргэд Увс аймагтаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 2,4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгч хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж ажиллажээ.
Эмнэлгийн засаглал менежментийг сайжруулах чиглэлээр төслийн зөвлөх баг болох Интермед эмнэлэгт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудыг хамруулан эмнэлгийн менежмент, чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр танхим болон ажлын байрны сургалтад хамруулсан байна.

Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулсан бөгөөд авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болжээ. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах fire wall төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурьлуулсан байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 2024-2026 оны хооронд хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төслийг орон нутагтаа татаж санаачилсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, хариуцлагатай ажиллаж төслийн үр дүнгээ харсан орон нутгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон, хамгийн гол нь монгол хүний эрүүл мэнд, монгол айлын элэг бүтэн амьдралд үр өгөөж, үр нөлөөгөө хэдэн арван жилээрээ тасралгүй өгөх ажлыг санхүүжүүлэн ажилласан Азийн хөгжлийн банк тэдний хамт олонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн баяр хүргэж талархал илэрхийлэв.
Энэхүү бүтээн байгуулалтын загвараар дөрвөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтөн байгуулах бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт жишиг болохыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлон хэлэв. Орон нутгийн, анхан шатны буюу үүдэн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, шинэ шатанд гаргах Азийн хөгжлийн банкны төсөл ирэх гурван жилийн хугацаанд Монгол орон даяар хэрэгжих тул төсөл хэрэгжүүлж буй орон нутгийнхан, эрүүл мэндийн байгууллагынхан маш хариуцлагатай байж төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Увс аймгийн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй уулзалт хийснээр Увс аймаг дахь ажлын томилолт өндөрлөв. 21 аймагтаа хүрч ажиллах зорилготой Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгуудад ажиллаа.
Улстөр нийгэм
Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж буй. Харин өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон “Пома” группийн Олон улсын төслүүдийн үйл ажиллагаа, ашиглалт хариуцсан захирал Силвайн Дубай нар Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээ үзэглэлээ. Гэрээний хүрээнд талууд монгол инженер, мэргэжилтнүүдийг олон улсын стандартын дагуу сургаж бэлтгэх, системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын явцад шаардлагатай техникийн дэмжлэг, сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш гурван жилийн хугацаанд “Пома” группийн хамт олон ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж, сэлбэг хэрэгслээр хангаж, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Өнөөдөр гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийж, хоёр тал харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурлаа” гэв.

“Пома” группийн Олон улсын төслүүдийн үйл ажиллагаа, ашиглалт хариуцсан захирал Силвайн Дубай “Энэ оны сүүлээр буюу 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын нийт иргэд дүүжин тээврээр зорчиж эхэлнэ. Хамгийн найдвартай аюулгүй, шинэ технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ” гэлээ.

Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Үзэл бодол2021/09/03
Б.Пүрэвсүрэн: Угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүссэн
-
Улстөр нийгэм2019/11/19
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Цаг үе2020/08/31
2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцаж, газар дээр нь ажиллаж б...
-
Улстөр нийгэм2025/04/30
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
