Улстөр нийгэм
Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй
Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийж байна.
ТАЙЛБАР, НЯЦААЛТ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь өөрчлөлтийг хугацаа алдаж, хойшлуулалгүй хийх нь зөв гэж дэмжиж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ үеэр төрд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, засаглалын институцүүдийн харилцан хяналт-тэнцэл, төрийн тогтвортой байдлыг хангах талаар голлон тайлбарласан. Түүн дотроо УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүх эрх мэдлийн байгууллагад шударга ёсыг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлээр асуултад хариулах үеэрээ онцолж ярьсан юм.
Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтаа хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээр саналыг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн.
Түүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно. Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
