Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 9-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.
Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.
Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүд О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Р.Содхүү, Ө.Энхтөр нар оролцож, ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг онцгой нөхцөл байдалд хэрхэн уялдуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:
СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн явуулж байна. Цар тахлын үеэр дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа тухай мэдээллийг өдөр бүр авч байгаа. Дэлхийн зарим оронд сонгуулийг хойшлуулж байна, зарим нь хугацаандаа явуулна гэж мэдэгдэж байна.
Сонгууль товлон зарласнаас хойш онцгой нөхцөл байдал үүсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд зогсооно гэж заасан тул бид нөхцөл байдлыг харж байна. Мөн өвчлөлийн асуудлаар Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын хувьд цаашдаа ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах байх гэж харж байна. Ер нь, Үндсэн хуульд заасан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй байх гэж бид үзэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Р.Содхүү:
Ерөнхийдөө сонгууль зарлагдсан цагаас хойш дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдлыг манай орны нөхцөл байдалд холбогдуулан дүгнэж үзэхэд ганц л юм бодогдож байна.
Сонгуульд нийт 4 үе шат байдаг. Энэ үе шат бүрийг нарийн судлах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээрт, сонгууль зарлагдана. Ингэхээр мөрийн хөтөлбөр дээр бүгд “шаваарч” байгаа юм. Мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж худлаа шүү. Хоёрдугаарт, нэр дэвших хүрээнд маш өргөн цугларалт болно. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намууд дээр цугларалт болно. Гуравдугаарт, сурталчилгааны хоёр хоног бий. 2.2 сая сонгогчийн асуудал. Энэ хүмүүс цуглахад ямар байдал үүсэх вэ? Энэ цугларалтууд 4, 5 дугаар сард болно. Улмаар хамгийн их цугларалт хэсгийн хороодод үүснэ. 2,070 санал авах байр ажиллана. Цугларалтгүй сонгууль гэж байхгүй.
Тиймээс хэн нэгэн ашиг хонжоо олохдоо биш энэ асуудал өөрөө үндэсний хэмжээний асуудал тул улс төрийн зөвшилцөлд хүрээд үндэстнээ аврах тухай асуудал гэж ойлгож байгаа.
Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан:
Нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу сонгогчидтой уулзах боломжийг нь бид хангах ёстой. Гэхдээ уулзалтууд хийнэ гэхээр санаанд буухгүй байгаа юм. Үүний дараа санал хураалт явагдана.
Улсын хэмжээнд 2,070 санал өгөх хэсгийн хороо байгуулж байгаа. Бидэнд 2,500 санал тоолох машин бий. Улаанбаатарт 3,000 хүртэл хүнтэй хэсгүүд, аймгуудад 2,000 хүртэл хүнтэй хэсгүүд бий. Гэвч энэ хэсгүүдэд олон машин байрлуулах болон хэсгийн хороодын ажилчдын тоог цөөлөх боломжгүй байна.
Тиймээс бид ЭМЯ зэрэг мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэмээр байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:
Бидний тооцоолж буйгаар сонгуулийн үеэр нэг хэсэгт 3,000 сонгогч байна. Тэдгээрийн 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1,800 хүн санал өгөх тооцоо гарч байгаа. Тэдний саналыг авахад 54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай.
Нэг хүний санал өгөх хугацаа 30 секунд, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо 6 секунд. Энэ хугацаагаар тооцон хотод зааланд хийж болох ч орон нутагт асуудал өөр. Жишээ нь, 2,070 хэсгийн 10 хувьд гэвэл 207, 20 хувьд гэвэл 400 гэр барина гэсэн үг. Гэр дотор ямар зайтай билээ. Тиймээс коронавирусний үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүснэ.
Мөн 50 мянган сонгогчтой нэр дэвшигч 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэг хүний цаана 250 ухуулагч, шадар туслагч гээд нэмбэл хамгийн багаар бодоход 300 хүн ажиллана. Нэг нэр дэвшигчийн ард 300 хүн сурталчилгаанд явлаа гэж бодоход улсын хэмжээгээр 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллана.
Зардлын хувьд нэр дэвшигчийн болон намын зардал дээр хязгааруудыг батлаад өгчихсөн. Нэг нэр дэвшигчээс ямар зардал гарах вэ гээд тооцоод үзэхээр дунджаар 400 сая төгрөгийн зардал гаргана. Одоо тойрог томсгосон учир зардал нэмэгдэх байх. Хамгийн багаар 400 сая төгрөг гэж бодоход 280 тэрбум төгрөг болно. 20 нам сонгуульд орлоо гэж бодоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг. Ингээд бодоход нам эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг. Албан зардлыг нэмээд 420 тэрбум төгрөг болно.
50 мянган сонгогчтой, 25 мянган айлтай тойргийн нэр дэвшигч хүн бүрт материалаа хүргэж чадахгүй, айл бүрт хүргүүлэх байх. Ингээд бодвол сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая төгрөг. Тэнд ажилласан 300 хүнд 500 мянган төгрөг өглөө гэж тооцвол 150 сая төгрөг. Ингээд тооцохоор нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая төгрөг, дээд тал нь хуульд заасан дээд хэмжээндээ хүрэхээр байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр:
Энэ жилийн онцлог юу гэхээр хүмүүс саналаа өгөх эсэх асуудал. Хамгийн эхний ээлжинд ард нийтээс судалгаа авахгүй бол бид нар бүх ажлаа төлөвлөөд хийгээд явж байтал хүмүүс сонгуульд оролцохоо больчихвол яах вэ?
Нөгөө талаар энэ өвчнийг тодорхой хэмжээнд барих түвшний боловсон хүчин, шинжлэх ухааны нөхцөл боломж муу байна. Бид баталгаа гаргаж чадахгүй байна. Тийм учраас яаралтай нөхцөл байдлыг дүгнээд, сонгуулийг хойшлуулах асуудлаар тал талдаа юм бодвол яасан юм бэ гэсэн саналтай байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль зохион байгуулах ажлын хүрээнд олон нийтийн цугларалт зайлшгүй үүсэх, нийт сонгогч хурууны хээ өгөх, амны хаалт, бээлий хэрэглэх, тэдгээрээр хангах зэрэг асуудлуудаар үргэлжлүүлэн ярилцав.
Мөн гадаад улсуудад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул эх оронд нь авчирах шаардлагатай, үүнийг дагаад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд нэмэгдэх бодит эрсдэл байгаа зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тулгарах эрсдэлтэй байгаа дээрх асуудлын хүрээнд ирэх долоо хоногт хуралдаж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.
vУлстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2021/08/24
Д.Сумъяабазар: Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаас нь дэмжинэ
-
Улстөр нийгэм2020/06/26
2019 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарлаа
-
Шударга мэдээ2020/11/13
“Shuurkhai 119” мобайл аппликэйшнаар COVID-19-ийн зөвлөгөө авах боло...
-
Улстөр нийгэм2026/03/31
Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо
