Цаг үе
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар 2026 оны наймдугар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад албан томилолттой ажиллаж байна. Сайд нар энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Энэ үеэр төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэнтэй холбогдуулан холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон төслийн хэрэгжилтэд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 49.27 ХУВЬД ХҮРЛЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 49.27 хувьтай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд 2,382 шон суурь үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн 291 доод хөндлөн нурууг үйлдвэрлэн бэлэн болгосон байна. Нийт 594 дам нуруу үйлдвэрлэж бэлэн болгосны 296 дам нурууг угсраж төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж буйг албаныхан энэ үеэр танилцууллаа. Одоогоор тулгамдсан асуудал байхгүй, төлөвлөгөөт ажил хоёр улсын талаас графикийн дагуу явж байгааг онцоллоо.
ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Энэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцооллоор уг төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр ийнхүү хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн гол бүтээцийн нэг болох 291 тулгуурын ажлыг бүрэн дуусгаснаар гүйцэтгэгч байгууллагууд, төслийн ажлыг гардан гүйцэтгэж буй инженер технийкийн ажилтнуудын хувьд дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх суурь бүрдэж байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.


Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Шударга мэдээ2022/03/04
Болгар Улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролц...
-
Улстөр нийгэм2022/12/05
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2021/02/09
Өнөөдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Улстөр нийгэм2026/04/02
“Олон улсын тээвэр, логистикийн форум”-д оролцогчид Санкт-Петербург хотын тө...
