Улстөр нийгэм
“Олон улсын тээвэр, логистикийн форум”-д оролцогчид Санкт-Петербург хотын төмөр замын музейтэй танилцлаа
“Хойд Венец”, “Цагаан шөнийн хот” хэмээн нэрлэгддэг Санкт-Петербург бол ОХУ-ын хоёр дахь том хот. Тус хот нь уран барилга, түүхэн дурсгалт газруудаараа дэлхийд алдартай. Нэрийн хувьд, "Гэгээн Петрийн хот" гэсэн утгатай бөгөөд хотыг үндэслэгч I Петрхааны нэрээр нэрлэжээ. Түүхэнд тэмдэглэгдснээр Санкт-Петербург хот 3 удаа нэрээ сольсон байна. 1914–1924 онд Петроград, 1924–1991 онд Ленинград гэж нэрлэгдэж байгаад 1991 онд анхны нэрээ эргүүлэн авчээ.
Тус хотод Орос улсын бахархал болсон олон алдартай музей, дэлхийн соёлын өвүүд бий. “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын хүрээнд ОХУ-ын хамгийн алдартай музейнүүдийн нэг Санкт-Петербург хотод байрлах “Музей железных дорог России”-тай танилцаж, Оросын төмөр замын тээврийн түүхийг судлах өвөрмөц боломжийг олголоо.

Энэ музей нь Орос болон Европтоо хамгийн томд тооцогддог бөгөөд 1978 онд анх байгуулагдсан байна. Одоо энэ музей нь төмөр замын сэдэвтэй 45 мянга гаруй үзмэрийг сан хөмрөгтөө хадгалж байна. Үүний дотор 100 гаруй түүхэн галт тэрэг, вагон зэрэг бодит техникүүд багтдаг бөгөөд зочид тэдгээрийг ойроос үзэж, төмөр замын түүхэн хөгжлийн үе шаттай танилцах боломжийг олгож өгчээ.
Төмөр замын музей нь XIX зууны, 1850-иад онд баригдсан Петергофын төмөр замын хуучин депогийн барилгын цогцолборт байрлаж байгаа нь музейн түүхэн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлдэг юм байна. 2017 онд Оросын төмөр замын 180 жилийн ойгоор энэхүү шинэ байршилдаа төвхнөж, үүд хаалгаа нээжээ.

Музейн хамгийн сонирхолтой, гол үзмэрүүд нь Оросын болон гадаадын анхны уурын зүтгүүрүүд, XX зууны эхэн үеийн уурын зүтгүүрийн сэргээн засварласан вагон загварууд байна. Мөн галт тэрэгний буудлуудыг чимэглэх зориулалттай гипсэн баримлууд, Орос болон гадаадын үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн бяцхан галт тэрэгний загваруудын цуглуулга зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэжээ.
Хамгийн эртний үзмэр нь 1830-аад оны Царское Село төмөр замын зорчигч тээврийн вагон байна. Хамгийн урт үзмэр нь 50-70 метр урт зорчигч тээврийн галт тэрэг байна.

Эх сурвалж: Зам тээврийн яам
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Цаг үе2024/08/12
Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө
-
Улстөр нийгэм2021/10/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараа...
-
Цаг үе2022/03/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2021/01/08
Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд су...
