Улстөр нийгэм
ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидтэй 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уулзаж санал солилцов.
ОУВС нь Дүрмийн IV заалтын хүрээнд гишүүн орнуудын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, макро эдийн засгийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлох, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулдаг. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Дүрмийн IV заалтын дагуух ээлжит зөвлөлдөх уулзалтаа Авлигатай тэмцэх газарт хийсэн юм.
Уулзалтын үеэр авлига нь зөвхөн хууль сахиулах байгууллагын асуудал бус, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн төрд итгэх итгэлтэй шууд холбоотой засаглалын тулгамдсан асуудал болохыг онцлон тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, тухайлбал нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр бодит үр дүн гаргаж буй талаар мэдээлэл өгсөн юм.
Авлигатай тэмцэх газар нь мөрдөн шалгах чиг үүргээс гадна авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, байгууллагын засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бодлогын болон институтийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн албаны шударга байдал, цахим засаглал, иргэний оролцоо, хувийн хэвшлийн комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Мөн улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудал нь цаашдын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл хэвээр байгааг талууд онцлон тэмдэглэж, харилцан санал солилцов.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

