Цаг үе
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорьны давхар усанд автаж байсан.
Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байв. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн. Түшиц ханын бетон хийцлэлийн ажил бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар гадна эрэг болон голын эрэг дагуух тохижилт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Сэлбэ голын голдирол дахь Дамбадаржаа, Долоон буудалын орчим 160-200 метр орчим өргөн байдаг бол Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ.
“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна. Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” гэлээ.




Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
