Шударга мэдээ
Амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалт хийж байна
Нийслэлийн Онцгой байдлын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналт, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хамтран амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд тухайн төрөл, ангиллын улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх юм.
Мөн үйлчилгээндээ шинэ дэвшилт техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





Шударга мэдээ
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Шударга мэдээ
Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлж байна
Нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ажилтан, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, цаг ашиглалт болон бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд, Сүхбаатар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, мэдээллийн технологийн ажилтнууд "Грийн Софт" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болон Чатбот үйлчилгээ хөгжүүлэлтийн менежер Н.Ахмаралтай уулзаж, тус компанийн чатбот үйлчилгээний давуу тал, онцлогийн талаар ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар цахим хуудсандаа уг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар 9 дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрууд цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр дуудлагын төвд ирэх ачаалал буурах, иргэдийн хэрэгцээг оновчтой тодорхойлох, үйлчилгээний чанарыг үнэлэх, сэтгэл ханамжийг бодитой бөгөөд цаг алдалгүй хянах боломж бүрдэх юм.

-
Шударга мэдээ2022/06/29
Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран "Монго...
-
Цаг үе2020/03/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2022/11/30
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч у...
-
Цаг үе2022/03/10
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой






