Цаг үе
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн хадгалагдана

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн хадгалагдана.
2023 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 24-26 хэм хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Цаг үе
Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ
ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.
Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.
Цаг үе
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Цаг үе
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна
Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.