Цаг үе
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл" компани шалгараад байна. Уг станцыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Тухайн байршил нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгаа онцлогтой. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт эрчим хүч, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Агаар мандалд хаягдах утаанд агуулагдах NOx, SO2-ын хэмжээг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологийн зуухтай байна.
Мөн техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, байгаль орчинд ээлтэй технологитой байхаар төлөвлөсөн. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10 хувь нь станцын дотоод хэрэглээнд зарцуулагдана. ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын хэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм. Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэнэ.
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр буюу олон улсын жишигт нийцсэн DBFOM бүтцээр хэрэгжүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
Цаг үе
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,
- Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
- Үүрдэг чингэлэг 9,
- Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.
Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.






Цаг үе
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.
Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Цаг үе
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж осол гарган, хэргийн газрыг орхиж явсны улмаас хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-
Цаг үе2024/09/13
Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ
-
Цаг үе2020/11/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2025/06/09
ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээври...
-
Шударга мэдээ2025/05/15
Төрийн банк: Модыг мод(а) болгоё
