Шударга мэдээ
"Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг "Бөөрөлжүүт" цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, өнөөдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ.
Тодруулбал, "Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, "Бөөрөлжүүт" цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
"Бөөрөлжүүт" цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ.
Мөн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх юм.
Шударга мэдээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
