Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Огноо:

,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд 25 дахь жилдээ зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй хэрэгжиж байгаа юм.  Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагад үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн аргачлал, стандарт, зарчимд нийцүүлэн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг  томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Харин банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон төрийн байгууллага, албан газар, шашны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн, мэргэшсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлээс гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын салбарын хуулиар зохицуулна гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулав.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэг аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ.

Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж үзжээ. Тиймээс хууль, эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлын ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.

Монгол Улсын шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг байна. Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтээр үүсдэг онцгой ажиллагааны хэсгээр зохицуулагддаг. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ба ердийн  ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг тул дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг төсөлд нарийвчлан тусгажээ. Харин төсөлд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах юм байна.

Төслөөр төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэв.

Хуулийн төслийг баталснаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ. Тодруулбал, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, шаардлагатай тохиолдолд бизнесийг дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх байдлаар бизнес эрхлэгчийг дэмжих, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулалтыг ямар дарааллаар гаргуулж авах зэрэг асуудлыг тодорхой болгон, оролцогч талуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангах, сайжруулах чиглэлд төслийг шинэчлэн боловсруулсныг Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэсэн.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Г.Амартүвшин нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яам сүүлийн жилүүдэд хувийн эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр олон ажил хийж байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглээд, хэлэлцэж буй төслийн ач холбогдлыг тодруулан асуув. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлийг үе шаттайгаар хийхээр  төлөвлөсөн гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ерөнхий хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа бол ойрын хугацаанд аялал жуулчлалын салбарын эдийн засгийг дэмжсэн Морин бооцоот уралдааны тухай, Төлбөр таавар, тоглоомын тухай, Арилжааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлнэ гэв. Эдийн засгийн болон хувийн эрх зүйн шинж чанартай хууль тогтоомжуудыг шинэчилснээр эдийн засгийг илүү либералчлах, өрсөлдөөнийг дэмжих, салбартай холбоотой шүүхийн үйл ажиллагааг шударга болгох зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан. О.Цогтгэрэл гишүүн, хөрөнгөтэй ч төлбөрийн чадваргүй, бэлэн мөнгөний урсгалгүй болчихсон тохиолдолд хэрхэн зохицуулах талаар тодруулсан. Иргэд, хувь хүмүүс аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, төсөлд “үүрэг гүйцэтгэгч гэж төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг хэлнэ” гэснийг цохож ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авсан юм. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Төсөлд шүүхийн процесстой холбоотой зохицуулалт байгаа тул Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцэх саналыг Б.Энхбаяр гишүүн хэлсэн бол дампуурлын процессыг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэдэг саналыг Х.Булгантуяа гишүүн илэрхийлсэн. Хэлэлцэж буй төслийн хүрээнд нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, мөн аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй нэг хүний нэр дээрх ХХК-ий дампуурлыг олон нийтэд нээлттэй, томоохон ах ахуйн нэгжээс ялгаж тодорхойлон, зохицуулалтыг онцлогт нь тохируулах, мөн олон улсын түвшний үйл ажиллагааг дэмжсэн, хөрөнгө оруулалт хийх болон хөрөнгө оруулалтаа татахтай холбоотой тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь чухал гэдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн.

Төгсгөлд нь санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон 12 гишүүний 58.3 хувь нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох