Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв

Огноо:

,

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно.

Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн нэмэлт оруулсан юм.

Мөн шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх дэгийг тусгайлан зохицуулсан.

Уг хуулийн 31.1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө”, 31.2 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний тангаргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтооно”, 31.3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална” гэж тус тус  заажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-ыг баталсан билээ.

Уг журамд Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх өдөр, цагийг  Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн ёслолын алба хариуцан хангаж, зохион байгуулахаар заасан.

Энэ үндсэн шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол 15 цаг 05 минутад чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд эхлэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж сонсголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжид, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн  Д.Сарангэрэл, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар  Г.Сайханбаяр, Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван, Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн, Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Засгийн газрын гишүүн-Соёлын сайдаар С.Чулуун, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан нарыг тус тус томилсон тухай дурджээ.

Ингээд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргад тангаргийн бичгээ гардуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав. Дараа нь хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон Та бүхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Төрийн сүлдний өмнө, төрийн эрх барих дээд байгууллагадаа Та бүхэн тангараг өргөлөө. Үүгээрээ Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрд тангараг өргөж байгаа анхны сайд нар болж буйгаараа онцлогтой юм гээд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Ерөнхий сайддаа түшиг тулгуур болж, ажил үүрэгтээ эзэн болж хариуцлагатай, эрчтэй ажиллахыг шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд захилаа. Үүгээр Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөв.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы энэ сарын 07-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталсан.

Хууль тогтоолын төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Мөн уг хуулийн төслүүдтэй шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23, нийт 35 агентлагтай ажиллахаар болсон юм.

Энэ үндсэн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал эхлэхэд 95 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан COP17 хурлыг зохион байгуулах дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын хуралдаан боллоо.
 
Тус хуралдаанаар бага хурлыг зохион байгуулахтай холбоотой тулгамдаж буй асуудал, 12 дэд хорооны ажлын давхардал, хийдэл, уялдаа холбоо, засаж сайжруулах асуудлаар мэдээлэл солилцов.
 
Дэд хороодын ажлын гүйцэтгэл 15-65 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 705 арга хэмжээ хэрэгжүүлэхээс давхардалтай байгаа 273 ажил байгаа гэдгийг Ажлын албаны дарга, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Гантуяа мэдээлэл өглөө.
 
СОР17 хурал нь манай улсын байгаль хамгаалал тэр дундаа цөлжилттэй тэмцэж буй идэвх чармайлтыг дэлхий нийтэд нотлон харуулах учир дэд хороодын уялдаа холбоо, мэдээллийн нэгдмэл урсгалтай байх нь туйлын чухал гэдгийг БОУАӨ-ийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир онцлов.
 
Улмаар дэд хороодын уялдаа холбоог хангах, мэдээллийг зөрүүтэй байдлыг арилгах, дэд хороодын давхардсан ажлуудыг нэгтгэх, шинжлэх ухаан, олон улсын, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж зэрэг олон талт төлөөллийг тэгш оролцоотой татан оролцуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлийг дэд хороодын дарга нарт өглөө.
 
Мөн тус хуралдаанаар гарсан санал болон шаардлагатай авч хэрэгжүүлэх ажлын талаар нэгтгэж, Үндэсний хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг СОР17 хурлыг зохион байгуулах Ажлын албанд даалгав гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган Нью-Йорк хотноо эхэллээ

Огноо:

,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ойн форумын 21 дүгээр чуулган (UNFF21) 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо эхэлж, “Дэлхийн ойн зорилтуудын 2026 оны тайлан”-г танилцууллаа.
 
Энэ удаагийн чуулганаар дэлхийн ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилт, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцэж байна. Тайланд дурдсанаар 2015–2025 оны хооронд дэлхий даяар 40 сая га ой устсан бөгөөд тогтвортой ойн менежментийн санхүүжилтийн хэрэгцээ өндөр хэвээр байгааг онцолжээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар оролцож:
• Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаар
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн
• Ойн доройтол, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.
 
Ой бол зөвхөн байгаль хамгаалал биш — эдийн засаг, тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааны үндэс юм.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе үеийн бие бүрэлдэхүүн болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь амжилт хүсэж, талархал илэрхийллээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас анх удаа зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн Хуурай замын цэргийн командлалын алба хаагчдад баяр хүргэлээ.

Цаашид нийт бие бүрэлдэхүүн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Лувсанцэрэнгийн Доржид Гавьяат нисгэгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэрэнжавын Ганбатад Гавьяат эдийн засагч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн авто тээврийн салааны тээврийн тасгийн жолооч, ахлагч Дармаагийн Батдоржид Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж, батлуулах гэж байна.

Ингэснээр өөрийгөө батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллага, иргэд гээд бүх талын оролцоотой, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий тогтолцоо бүрдэх юм.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн цэргийн зарим командлалын газрыг шинээр байгуулсан. Мөн холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулж, аливаа аюул, заналтай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэхэд бодит нөлөө үзүүлэх боломж бүрдүүлжээ.

Цаашид үндэсний язгуур ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон дэлхий, бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоо тууштай хэрэгжүүлэхээ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.

Манай улс өнгөрсөн 24 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 23,000 гаруй алба хаагчаа оролцуулж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгосон.

Энэ хүрээнд алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зориг, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил хийжээ.

Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгосны дагуу тэдний  мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн,  бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэх юм.

Төр, засгаас батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийж буй шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна.

Тухайлбал 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алслагдсан цэргийн ангийн хүүхэдтэй гэр бүл, алба хаагчид “Хүүхэдтэй гэр бүлд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог урамшуулал”-д хамрагдана. Мөн оноос эхлэн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан цэргийн алба хаагч мөнгөн урамшуулал авч байх юм.

Дэмжлэг нэн шаардлагатай бол орон сууц, хашаа байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрт зориулж нэг алба хаагчид 20 сая төгрөг олгоно.

Энэ хүрээнд 200 гаруй алба хаагч 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авах бол 150 гаруй хүн дараалал харгалзахгүй ипотекийн зээлд хамрагдахаар байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бичил бизнес эрхэлдэг гэр бүлд нь хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох