Цаг үе
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо
“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн, “Өлзий энд ко капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон холбогдох бусад хүмүүс оролцов.


Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нээж хэлсэн үгэндээ Сүүлийн жилүүдэд дотоодын аж ахуй нэгжүүдийн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэж, үүнийг даган зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ ихээр гарч, хөрөнгө оруулагчид өргөн сонголттой болж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны хамт олны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлмээр байна.
Тухайлбал, сүүлийн 4 жилд 10 Банк бус санхүүгийн байгууллага 19 удаа нээлттэй хэлбэрээр үнэт цаасны зах зээл дээрээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар 357.85 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байгаа нь хөрөнгийн зах зээлд оролцогчид тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж санхүүжилт татах сонирхол улам нэмэгдэж байна.
Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д энэ оны 9 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орж компаниудын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах үйл явцыг дэмжих, өртөг зардлыг бууруулах зорилгоор анхдагч зах зээлд санал болгон гаргаж буй бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааны шимтгэлийг бууруулсныг Санхүүгийн зохицуулах хороо батламжлан дагаж мөрдөгдөж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ бол “хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчид та бидний хамтын ажиллагааны үр дүн гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэдгийг онцолсон юм.

Тус компани олон нийтэд зориулан 29.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий жилийн 19.5 хувийн өгөөжтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгон гаргаж байгаа төдийгүй “Бэрс финанс ББСБ” ХХК өмнө нь гурван удаа ТЗК үүсгэн байгуулж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар олон нийтээс 34.0 тэрбум төгрөгийн санхүүжилт амжилттай татан төвлөрүүлж байсан байна.
Цаг үе
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Цаг үе
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга, цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долоодугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18…23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 22-ноос
2026 оны долоодугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
