Цаг үе
Төрийн банк ногоон орон сууцны зээлийг зах зээлд нэвтрүүллээ
Төрийн банк тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлын хүрээнд, ногоон орон сууцны зээлийг зах зээлд нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийнхээ нэр төрлийг нэмэгдүүллээ.
Ногоон орон сууцны зээл зах зээлд нэвтэрснээр харилцагч та ногоон орон сууц болон амины ногоон орон сууц худалдан авах, барих тохиолдолд 1.0 тэрбум хүртэлх төгрөгийг 240 хүртэлх сараар зээлэх боломж бүрдэж байна. Зээлийн хүүгийн хувьд, 2024 онд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалаар батлагдсан ногоон барилгын үнэлгээний BestGER аргачлалын дагуу тухайн орон сууцанд үнэлгээ хийж, харилцан адилгүй байхаар шийдвэрлэлээ. Тодруулбал, 60-80 оноо бүхий В зэрэглэлийн ногоон орон сууцны зээлийн жилийн хүү 16.8 хувь байх бол 81-100 оноо бүхий А зэрэглэлд хамаарах ногоон орон сууцны зээлийн хүүг 14.4 хувь байхаар тогтоолоо.
Харин эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийн тухайд, зөвхөн амины орон сууц барих, худалдан авах, засварлах тохиолдолд олгодог байсан бол энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрчим хүчийг 20-иос доошгүй хувиар хэмнэх шийдэл бүхий нийтийн зориулалттай орон сууцыг ч мөн энэ төрлийн зээлд хамруулж байхаар шийдвэрлэлээ.
Хэрэв та эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл болон ногоон орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бол зээл хүсэгчид тавигдах шаардлага болон бусад шалгуур үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. Мөн Ногоон барилгын BestGER гэрчилгээ олгох журамтай танилцах бол энд дарна уу.
Төрийн банк хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлийг хэрэглээндээ нэвтрүүлж, ногоон ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж буй эрхэм харилцагч таны итгэлт түнш байх болно.
Итгэл төгс-Ногоон ирээдүй
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

