Цаг үе
Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсaд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрхзүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг байгуулсны дотор “Хамтран ажиллах тухай Монгол Улсын их сургууль, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Боловсролын сайд П.Наранбаяр, Киргизийн талаас Киргизийн Үндэсний их сургуулийн ректор Д.Т.Чонтоев нар гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв”-ийг байгуулж, Монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчлах, хөгжүүлэх, хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлэх юм.
Энэхүү төвийг Киргиз Улсын Үндэсний их сургуульд байгуулах бөгөөд улмаар их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, нэн ялангуяа эрдэмтэд, судлаач, оюутан хоорондын солилцоог дэмжиж, судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, хурал зохион байгуулна.
Цаг үе
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.
Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:
- Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
- Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
- Давхар вакум шилний оронд дан шилтэй
- Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
- Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй
Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.
Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.
-
Цаг үе2021/05/04
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна
-
Шударга мэдээ2025/11/18
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цог...
-
Улстөр нийгэм2025/02/26
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэ...
-
Цаг үе2024/04/09
Өдөртөө бага зэргийн бороо орно
