Үзэл бодол
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ?
-Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй.
-УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ?
-Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлалтай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогтоол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна.
-Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ?
-Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт-хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна.
-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ?
-Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна. Хууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал, тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилттойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Парламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай.
-Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм.
Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2023/06/30
“Кадри” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үнэлгээний багийн гишүүд Монгол Улса...
-
Цаг үе2023/02/15
“Хоршоо хөгжүүлэх сан”-гийн олголт, төлөлтөд дүн шинжилгээ хийв
-
Цаг үе2021/05/12
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Улстөр нийгэм2021/10/08
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхи...
