Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 06-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэлээ. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журам, үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж баталсан. Хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлж 2020 онд 6 тэрбум байсан төсвийг 2024 онд 13,9 тэрбум, 2025 онд 20,8 тэрбум төгрөг болгоод байгаа аж. 

Цаашид Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж буй орчин, нөхцөл дийлэнхдээ гэр бүлээс шалтгаалж буй тул Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал, Гэр бүлийг дэмжих хуульд хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих, гэр бүлд үзүүлэх санхүүгийн болон орон сууцны дэмжлэг, аюулгүй орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг олон асуудлыг тусгах шаардлагатай болжээ. 

Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна. Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. 2025 онд тус сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүлээн авсан бөгөөд нийт 19 санал ирснийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. 

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд энэ жил тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсын хүүхдийн байгууллага, үйл ажиллагааны онцлогийг танилцуулав. Цаашид Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх салбарт хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хэрэгжүүлэх, таван жилээр стратеги төлөвлөгөө гаргаж тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд хүүхэд хөгжлийг дэмжих ажлуудыг өрнүүлэх нь үр дүнтэй байгаа талаар хэллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжил,  оролцоо, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой төсөв гаргаж, бодлогоо чиглүүлж буйг сайшаагаад цаашид үүнд чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын статусыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүд гэр бүлийн асуудалд онцгой анхаарах, хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бүтээн байгуулалтуудыг улс орон даяар өрнүүлэх, Сурагчийн зөвлөлийг сургууль, орон нутгийн удирдлагатай уялдаа холбоотой ажиллуулах, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй асуудалд анхаарах, хүүхэд хамгааллыг цогцоор нь харах, хүүхдийн асуудал эрхэлсэн болон төрийн бусад байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ. 

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн, сайхны төлөө Засгийн газрын бүх бодлого чиглэх ёстойг тэмдэглээд хүүхдийн эрх ашгийг бүх шатанд анхаарч, уялдаа холбоотой, төр, хувийн хэвшил төдийгүй олон нийт ч оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахыг уриаллаа. 

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулж гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, бүх хүүхдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход онцгой анхаарч нийт ЕБС-ийг улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллүүлэхийн тулд хэрэгцээтэй сургуулиудыг шинээр барих, санхүүжилтийг шийдвэрлэх тооцоо судалгааг гарган ажиллаж байгааг хэллээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Узбекистан Улстай 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн хэмнэлтэд нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг холбогдох хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн эрхлэх хүрээний асуудлыг хариуцах стратегийн төлөвлөлт, бодлого гаргах, бодлогын хэрэгжилтийн зохицуулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх болон төрийн захиргааны удирдлага, санхүү, хөрөнгө оруулалтын чиг үүрэг бүхий нэгжтэй тодорхойлж бүтцийн нэгжийн болон орон тооны хязгаарыг тогтоож Засгийн газрын дараагийн хуралдаанд хэлэлцүүлэн шинэчлэн батлуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д ажиллалаа.  Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол  бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ.

Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна гэдгийг  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас Ерөнхий сайд баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх амралтын энэ хугацаанд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахыг үүрэг болголоо. 

0-15 насныханд нөхөн дархлаажуулалт хийж байгаа ч улсын хэмжээнд дөнгөж 26 хувьтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах нь чухал.  Мөн баяр наадмын өдрүүдэд халдвар тархах эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ яаралтай авахыг анхаарууллаа. 

Хүний хөгжлийг эрхэмлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, иргэдээ эрүүл, аюулгүй байлгах нь Засгийн газрын нэн  тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байлаа. 

Мөн дархлаажуулалт бодлогын түвшинд алдагдсаныг олон улсын байгууллага, эрдэмтийн судалгаа дүгнэлт баталж байна. 10-14 насны  хүүхдүүд улаанбурхнаар өвчилж буй нь 2010-2015 онд хийсэн вакцины үйлчлэл буурч байгааг харуулж байна. Тиймээс чанарт онцгой анхаарч дархлаажуулалтын богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай гэв. 

Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж, энэ нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг хэлээд дархлаажуулалтад хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцины хүрэлцээ, эмч сувилагч, ажилчдын ажлын ачаалал их байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхөө Ерөнхий сайд илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох