Цаг үе
“Ambassador” хотхон орчмын 3 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс буулгалаа

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ. Уг зөрчлийг арилгаснаар Буянгийн замаас Юнескогийн гудамж буюу иргэдийн хэлж заншсанаар Натурын зам руу нэвтрэх авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаа юм.
Зөрчлийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Хяналт шалгалтын эхний үе шатыг гуравдугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 455 зөрчил илэрсэн. Үүний 60 хувийг арилгаад байна. Ийнхүү хоёрдугаар үе шатны хүрээнд өнөөдөр “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарц нээлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг үе шаттай арилгаж байна” гэлээ.
Мөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хяналт шалгалт хийх явцдаа газрын тухай зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгана. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 12 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс байгаа талаар албаныхан хэлж байв.
Цаг үе
Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг.
Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд 600 борлуулалтын цэгээр нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж, 540 мянган тонн шахмал түлшээр өвлийг давжээ. Энэ онд буюу 2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Хэрэглэгчид есдүгээр сарын 15-аас эхлэн өмнө нь хэрэглэж байсан “Сайн” карт болон “Хотула” аппликейшнийг ашиглан нүүрсээ худалдаж авна. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжих аж.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Хагас коксон шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэхээсээ өмнө бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Хятад, Орос, Солонгос зэрэг улсын лабораторид туршилт хийлгэсэн. Лабораториудаас ирсэн хариуг товч танилцуулъя. Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар бага байна. Мөн азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага байгаа юм. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна. Улаанбаатар хотод 172 мянган айл нүүрс түлдэг. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа 15-20 мянган өрх нэмэгддэг. Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг. Уурын зуух, нам даралтын зуухуудад түүхий нүүрс ашигладаг ААН-үүдийг ул ширмээ сайжруулах, мидлинг, хий, цахилгаан руу шилжүүлэх хугацаа өгсөн. Энэ галлагааны улиралд Улаанбаатар хотод түүхий нүүрс огт нэвтрүүлэхгүй. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан” гэлээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Нүүрсний орон байж яагаад нүүрс гаднаас худалдаж аваад байна вэ гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Нүүрсийг угааж шорооноос нь ангижруулсан түүхий эдээр шахмал түлш хийдэг байсан. Мидлингийг хөгжиж болох бүх аргаар сайжруулсан. Үүнээс цааш хөгжих боломж байхгүй нь судалгаагаар нотлогдсон. Улаанбаатар хотын хагас коксон нүүрсний хэрэглээг хангах үйлдвэр манай улсад байхгүй. Хагас коксон түлш гэдэг нь түүхий нүүрсийг 600-800 хэмд жигнэж хүхэр, дэгдэмхий бодисыг нь цэвэршүүлсэн бэлэн бүтээгдэхүүн юм. Бид боловсруулсан, жигнэсэн нүүрсийг гаднаас олон улсын стандартын дагуу оруулж ирж байгаа. БНХАУ-ын компани тус тендерт шалгарсан. Хагас коксон шахмал түлшийг бид шилжилтийн үед ашиглана. Үүний дараа 2028 он гэхэд 103 мянган айл өрхийг огт гал түлдэггүй болгох зорилго тавьсан байгаа” гэв.
Өнгөрсөн жил угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжийг 60 мянган айлд суурилуулсан. Ингэснээр нийслэлийн Хяналтын удирдлагын төвд уг төхөөрөмжөөс мэдээлэл ирж, шаардлагатай тохиолдолд 5-7 минутын дотор тухайн айлд очиж арга хэмжээ авч ажилладаг байсан. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 51 мянган айлыг энэхүү ухаалаг системд холбосон. Есдүгээр сард 61 мянган айлыг энэ системд холбохоор ажиллаж байна. Түүнчлэн 45 мянган айлд угаар мэдрэгч төхөөрөмж суулгах төсвийг оруулж ирж байгаа. Ийнхүү Улаанбаатар хотод гал түлж байгаа нийт 172 мянган айл хяналтын системд бүрэн холбогдох юм.
Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд айл өрхүүдийг хий, цахилгаан, сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөж байгааг албаныхан онцоллоо. Тодруулбал, хийн түлшинд шилжүүлэх ажлын ТЭЗҮ хийгдэж байна. Эхний ээлжид энэ жил нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийнхээ хүчин чадал дээр үндэслэн 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Айл өрхүүдийг дулаалах ажлыг мөн давхар зохион байгуулж байна.
Агаарын чанарыг сайжруулах ногоон бүсэд хамаарах айл өрхүүд гэр болон байшин сууцаа дулаалж, хийн халаагуурт шилжсэн тохиолдолд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НИТХ-ын тогтоолын дагуу “Хэрэглээний үнийн урамшуулал” олгоно. Тодруулбал, халаалтын улирал болох есдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал хийн халаагуур хэрэглэсэн бол нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Урамшууллыг хүйтэн, дулааны улирлаас хамаарч харилцан адилгүй олгоно гэдгийг албаныхан мэдээллээ.
Цаг үе
Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчилжээ.
Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.
Цаг үе
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг батлаад байна
Хотжилт нэмэгдэх хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихсэж, ахуйн болон үйлдвэрлэлийн их хэмжээний лаг, хаягдал гарч, Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хангалтгүй болсон. Тиймээс нийслэлд шинээр Төв цэвэрлэх байгууламж барьж байгаа нь хоногт 2500000 м3 хүчин чадалтай бөгөөд энэ онд ашиглалтад орно. Харин үүнээс гарах их хэмжээний лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байна.
“Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40,000 ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь жилд 511 мянган тонн лаг (80%-ийн ус агууламжтай) болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулж, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лаг, хог булшлах талбайн ахуйн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх юм. Тус төсөл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд барилга угсралт болон ашиглалтын шатанд ажлын байр нэмэгдэж, хотын байгаль орчны нөхцөлийг сайжруулан, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн лагийн нөөцийн эрчим хүчийг ашиглах уг төслийг хэрэгжүүлснээр одоогийн бохир ус цэвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааны ачааллыг шууд бууруулж, шинэ төв бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лагийн боловсруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.
ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛ ЯВЦ
- Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
- Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
- Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
- Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
- Шатаах явцад үүссэн утааны хийг "SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс" гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
- Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.
-
Цаг үе2024/02/22
Калифорни мужид үер бууж байна
-
Цаг үе2019/11/04
Хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байхыг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2023/01/12
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
-
Улстөр нийгэм2021/09/14
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэ...