Цаг үе
Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2024 оны хоёрдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.
2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 2024 оны гуравдугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас оржцасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Цаг үе
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.06-10.12/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 46 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь обьектын гал түймэр, 7 хувь буюу 9 нь ой хээрийн гал түймэр, 12 хувь буюу 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 хувь буюу 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Цаг үе
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалттай тусгай техник хэрэгслийг нэмэгдүүллээ. Тодруулбал, энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
Цаашид УБЗАА-аас дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэж, хотын үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлэхийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн уриалав.
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тухайлбал,
- Дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувь,
- ОСНАА 95.4 хувь,
- Цахилгаан хангамж 94,7 хувь,
- Эрүүл мэндийн газар 94 хувь,
- Боловсролын газар 88 хувь,
- Ус сувгийн Удирдах газар 86 хувьтай тус тус үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын хэмжээнд 100 гаруй км авто замыг шинээр тавьж, мөн хэмжээний зам засвар, шинэчлэлийг хийгээд байна. 88.4 км урт инженерийн шугамыг (гадна, гол шугам, дулаан, цэвэр ус) шинээр татсан. Энэ ажил нь сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Мөн 15.6 км дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд энэ өвөл хотын төв, төмөр зам, Зайсан, Зургаадугаар бичил хороолол, Баянзүрх дүүргийн 26-р хороо зэрэг томоохон бүсүүдийн дулаан хангамжийн чанар эрс сайжрах юм. Засаг даргын 2025.08.14-ны зөвлөлийн хурлаар өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд болон орон сууцны конторуудын шугам сүлжээний асуудлыг хэлэлцэж, нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэн, ес болон аравдугаар сард засвар шинэчлэлийн ажлыг хийж байна гэв’’.