Цаг үе
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү ахалж, ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс болон аймаг, орон нутгийн удирдлагууд газар дээр нь ажиллах юм.
Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэлээ гэж ОБЕГаас мэдээллээ.
Цаг үе
"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уриалга гаргасан. Тэгвэл өнөөдөр хотын өнгө үзэмжийг сайжруулж, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүллээ.

Өнөөдөр 300 гаруй залуус сайн дураараа нэгдэж, Олимпын гүүр болон явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх юм байна.
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг санаачлагч, “Volunteer Mongolia”-г үүсгэн байгуулагч А.Ням-Од “Манай байгууллага 2021 оноос хойш сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Туул гол, Сэлбэ гол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж цэвэрлэх ажлуудыг санаачилж хийж байсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг учраас хот өнгө үзэмжтэй байх ёстой.

Наймдугаар сард COP17 олон улсын хурлаар олон зуун зочид, төлөөлөгчид ирнэ. Мөн манай улсад зун жуулчид олноор зочилдог. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газраа цэвэрлэж, хотоо соёлтой болгохыг залуус бид уриалж байна. Бид дараагийн удаад Энхтайваны гүүрийг цэвэрлэнэ” гэлээ.
Хотын аж ахуйн нэгж, байгууллагууд нь НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр газрын эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриаллаа.
Цаг үе
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив.
Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Цаг үе
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхөд орших Монгол наадам үзэл санаа, утга агуулгын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.
Баяр наадмын нээлтийн тасалбарыг өнөөдрөөс Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Мөн баяр наадмын нээлтийн тоглолтыг 07-сарын 11-ний 21 цагаас дахин тоглоно.
Наадмын 11,12-ны тасалбар 150 мянга, 7 дугаар сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна
Баяр наадмаар 7 төрлийн автомашины зогсоолыг 20-80 мянган төгрөгийн хооронд худалдана. Мөн энэ жилийн баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар гаргаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсгийг гаргана ажиллаж байна. Энэ жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдана. Баяр наадмын бөхийн барилдааны нэг хоёрын давааг 7 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлж барилдана.
Энэ жил зүлэг ногоон дэмжээг өөрчлөхгүй. Допингийн урьдчилсан шинжилгээг тавдугаар сард авсан байгаа.
Баяр наадмын хурдан морины уралдаанд өөрчлөлт орсон. Долоодугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан уралдсаны дараа эрлийз дунд нас уралдана. Долоодугаар сарын 11-нд Азарга, Их насны дараа мөн эрлийз их нас уралдана.
Долоодугаар сарын 13-нд Дэлхийн морьтны өдрийн том арга хэмжээ Хүй долоон худагт болох учир ийм зохион байгуулалт хийсэн. Олон улсын уралдаан 50 гаруй оронд урилга явуулсан. Морин парад явагдана. Шүлхий өвчин гарсан аймгуудыг хассан байгаа. Морины стандарт батлагдсан байгаа.
Барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Р.Пүрэвдагвын асуудлыг МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөл 7 дугаар сарын 06, 07-ны үеэр дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Учир Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөлдөө хандсан байгаа.
-
Цаг үе2025/02/21
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
-
Шударга мэдээ2024/03/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв
-
Цаг үе2019/09/12
Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ
-
Шударга мэдээ2025/10/13
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт ор...
