Улстөр нийгэм
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын гишүүд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын дарга 2024 оны 72 дугаар захирамжаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Б.Энхбаяр нар ажилласан юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөөний холбогдох зорилт, заалтад нийцүүлэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн 2015 оноос хойш Хууль тогтоомжийн тухай хуулийн 93 хэсэг, 54 заалтад, давхардсан тоогоор нийт 111 хэсэг, 64 заалтад өөрчлөлт орж хөндөгдсөн тул бүтэц, нэр томьёо, агуулгыг жигдлэх хууль зүйн техникийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийх шаардлага үүссэн байна.
Иймд зургаан зүйлтэй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох; хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд тооцох; шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар харьцуулсан судалгаа хийж, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргаж байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх; төслийн талаарх олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгасан эсэх, холбогдох тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх зохицуулалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд тусгахаар холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)-ийн цахим хуудсыг хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх төвлөрсөн цахим систем хэлбэрээр ашиглах, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалах хүрээнд түүнийг хязгаарласан аливаа зохицуулалтыг засч залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж, зөвхөн хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байхаар хязгаарлах бөгөөд ингэхдээ тусгайлан эрх олгосон зохицуулалтад тусгаж болох, эс тусгах асуудлыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх, Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар зохицуулахаар заасан аливаа төрлийн харилцааг зохицуулахгүй байх, түүнчлэн тухайн актыг батлах хугацааг хуулийг дагаж мөрдөх журамд тусгахаар холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг заавал авах нь шаардлагатай хэмээн үзсэн байна.
Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, хуульд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх шаардлагыг хуульчлахаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаарх өөрчлөлтүүдийг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжрахын зэрэгцээ аливаа хууль тогтоомж Үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад нийцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэх юм байна. Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрэм, журмыг батлах асуудал цэгцэрч, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны чанар, үр өгөөж нэмэгдэхийн сацуу хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа судалгаа, үнэлгээг үндэслэдэг болох ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
