Улстөр нийгэм
Хоёрдугаар сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлнө
Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 2 болон 7-гоор төгссөн бол та хоёрдугаар сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.
Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.
Улстөр нийгэм
ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.
Улстөр нийгэм
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1220 дугаартай захирамжаар нийслэлийн хэмжээнд 13 дэд салбар комисс байгуулж, 75 ажлын хэсгийн 239 төрийн албан хаагч нийт 1,510 байгууллагын үйл ажиллагаанд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийг зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзан, Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.Туул, Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч С.Наранчимэг, Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн ажилтан П.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй Улсын төв комиссын Ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Тус Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийн урьдчилсан дүнтэй танилцаж, нийслэлийн Хяналт шалгалтын газарт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тус тус ажилласан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнг Ажлын хэсгийн дарга, гишүүд 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ирж, танилцууллаа.
Улсын төв комиссын Ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааг “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
Сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Нийслэлийн аварга фермер”-үүдийг тодрууллаа. 10 фермер “Нийслэлийн аварга фермер”-ээр шалгарсан бөгөөд энэ үеэр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн “Ар гүнт Марцат” хоршооны дарга Т. Шагдарсүрэн шагнууллаа.

Нийслэлийн аварга фермерүүд:
- Багануур дүүргийн нэгдүгээр хорооны фермер Ж.Намшир
- Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны фермер Н.Рагчаа
- Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер “Энх-Анунгоо” ХХК
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Х.Эрдэнэбилэг
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер С.Анхбаяр
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны фермер “Ар үр” ХХК
- Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Б.Эрхэмбилэг
- Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Д.Тогтохбаяр
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл, фермер эрхлэгчдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, шагнаж, урамшуулдаг уламжлалтай билээ. НЗДТГ-аас “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай фермер эрхлэгчдийн идэвх оролцоо ихээхэн чухал. НЗДТГ-аас 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, өрхөд бодит дэмжлэг үзүүлэх, сүүний чиглэлийн цэвэр үнээний тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням “Би фермер ажиллуулаад хоёр жил болж байна. Мах, сүүний чиглэлээр Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн аварга фермер болсондоо их баяртай байна” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа “Аав ээж, ачит мал сүргийнхээ буянаар энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Би Завхан аймгийн Сонгино суманд нутагтаа мал маллаж байгаад 2017 оноос хойш энд фермерийн үйл ажиллагаа явуулж байна. Сэтгэл өндөр байна” гэлээ.











