Цаг үе
Х.Нямбаатар: Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.
Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөж буй.
Тодруулбал, ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн. Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.

Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
Цаг үе
Юнайтед Эйрлайнс компанийн онгоц буух үеэрээ гэрлийн шон мөргөжээ
АНУ-ын Нью-Жерси мужид зорчигч тээврийн онгоц буух үеэрээ зам дагуух гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. Холбооны Нисэхийн захиргааны мэдээлснээр, уг хэрэг орон нутгийн цагаар 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд болж, Юнайтед Эйрлайнсийн 169 дугаар нислэг Ньюарк хотын нисэх буудалд буух үедээ Нью-Жерси мужийн хурдны замын хажуугийн гэрлийн шонтой шүргэлцжээ.
Италийн Венец хотоос ниссэн тус Бойнг 767 онгоц мөргөлдсөн ч хэвийн газардаж, зорчигч болон багийн гишүүд гэмтээгүй байна.
Харин онгоц шонтой мөргөлдөх үед замаар явж байсан ачааны машины жолооч бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Одоогоор онгоцонд учирсан гэмтлийг шалгаж, нислэгийн багийг түр хугацаанд үүргээс нь чөлөөлөөд байна. Мөн National Transportation Safety Board болон холбогдох байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Цаг үе
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргээс энэ хэсэгт тоосгон гараашийг буулгаад эхэлжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгын эзэмшигчтэй зах зээлийн ханшаар нь тохиролцож, газрыг чөлөөлөх хүсэлтэй байна. Олон жил болсон энэ байшин нурах дөхсөн, хогийн цэг үүссэн, хүмүүс хоног төөрүүлж, хэрэг зөрчил ч гарах болжээ. Энд шинээр байшин барих боломжгүй, барилга хоорондын зай стандартад нийцэхгүй байна. Тиймээс газрыг нийтээр нь чөлөөлөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж хийе. Иргэд амарч, зугаалах талбай хэрэгтэй. Мөн ухаалаг хогийн цэгтэй болгоё. Цэвэр, эрүүл, тухтай орчныг бүрдүүлье. Энэ барилгыг Гандирс гэж компани эзэмшдэг бололтой. Эзэмшигчтэй холбогдож, саналаа хүргүүлнэ” гэлээ.
-
Цаг үе2020/04/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Цаг үе2019/12/04
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Цаг үе2024/11/21
Архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
-
Цаг үе2024/07/26
Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна
