Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ө.Гантөр: Шинэ 15 жилд Төрийн банк ногоон хөгжилд түүчээлнэ

Огноо:

,

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.


-Юуны өмнө танай хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ярилцлагаа Төрийн банк үүсгэн байгуулагдаж байсан үеэс эхэлье гэж бодлоо. Банкны салбарын нөхцөл байдал хүндэрчихсэн, хэд хэдэн банк дампуурлаа зарлаж байсан хүнд үед анх байгуулагдсан. Гэхдээ эргээд харахад “Төр муу менежер” гэх ойлголтыг ямар боловч эвдэж чаджээ…?

-Баярлалаа. 2024 он их онцлогтой жил. Монголд банкны тогтолцоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хоёр шатлалтай банкны систем үүсэж хөгжөөд үндсэндээ 33 жил болжээ. Таны хэлсэнчлэн хоёр шатлалт систем үүссэний дараа 40 гаруй банкны лиценз, тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Улмаар 30 гаруй нь дампуурч, татан буугдаад өнөөдөр 12 нь ажиллаж байна. Манай банкны тухайд 2009 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үед дэлхийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал бүхэлдээ хүндэрчихсэн байсан. Энэ хямрал ч Монгол Улсыг тойроогүй. Банкны систем хямарчихсан, зарим банк татан буугдаж, дампуурлаа зарласан хүнд цаг үе.

Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүйн улмаас “Зоос” банк татан буугдсан. Тэгэхээр энэ банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн асуудал босож ирнэ биз дээ.

Иймд сайн актив хөрөнгүүдийг нь төр өөртөө шилжүүлэн авч 100 хувь төрийн өмчит Төрийн банкийг үүсгэн байгуулсан. Энэ бол манай банкны эхлэл цэг. Харин 2013 онд үндэсний хэмжээний банк болсон. Мөн л тухайн үеийн Хадгаламжийн банк татан буугдахад банкны салбар нэгжүүд болон сайн активуудыг нь бид өөртөө нэгтгэснээр Монгол Улсын бүх аймаг, суманд салбар нэгжтэй үндэсний хэмжээний банк болсон.

-Тэгвэл Төрийн банкийг хүнтэй зүйрлэвэл өнөөдөр “биеийн байдал” нь ямар байна вэ?

-“Биеийн байдал” уу? Маш сайн байгаа. 15 жилийн өмнө анх 174 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 5.6 их наяд төгрөгийн активтай болжээ. Өөрөөр хэлбэл, 30 дахин өсөж томорсон байна. Төрийн банк системийн нөлөө бүхий таван банкны нэг. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган биелүүлж ирсэн. Сар болгон зохистой харьцааны үзүүлэлтээ давуулан биелүүлдэг. Жил бүрийн Бизнес төлөвлөгөө 100-130 хувьтай давж биелдэг.

Өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 31-ний өдрөөр л гэхэд, 80 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Дүгнээд хэлэхэд, бид 15 жилийн хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, итгэлийг нь алдахгүй ажилласаар шинэ 15 жилтэйгээ золгож байна даа.

-Төрийн банк ийм хэмжээнд ашигтай, тогтвортой ажиллахын зэрэгцээ төрийн санхүүгийн зуучлагчийн үүргийг хэрэгжүүлэгч гүүр болдог. Нэг талдаа бусад банкны үзүүлэхээс цааргалдаг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө олгох үйлчилгээг танайх үзүүлдэг. Энэ банкны эрүүл систем, ашигт ажиллагаа талаа бодвол зөв үү?    

-Манайх төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж. Тэр утгаараа төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, бодлогыг банкаар дамжуулан иргэдэд хүргэх  ёстой. Мэдээж бусад банкны үзүүлэхээс цааргалдаг бүтээгдэхүүн үйлчилгээг бид төрийнх учраас үзүүлэхээс өөр аргагүй. Үзүүлэх ч ёстой. Тиймдээ ч Халамжийн мөнгө олголтын 70 гаруй хувь, тэтгэврийн 50 орчим хувийг манайхаар олгодог. Мөн хүүхдийн мөнгөний тал орчим хувийг манайх олгож байна. Энэ мэт зарим банкны үзүүлдэггүй бүтээгдэхүүн үйлчилгээг бид хүргэдэг онцлогтой. Нөгөө талдаа банк бол ашгийн төлөө байгууллага. Манайх ч бас ашгийн төлөө явж, харилцагч, хадгаламж эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг.

Ер нь бол Төрийн банк аль ч Засгийн газрын үед хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, шийдвэрийн дагуу банкаар дамжуулан үзүүлэх үйлчилгээг манлайлан ажилладаг. Цар тахлын хатуу хөл хорио тогтоож, хил гааль хаагдсан үед ч, түүний дараа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд ч бид манлайлан ажилласан.

-Энэ хөтөлбөр гэхдээ нэлээд шүүмжлэл дагуулсан байх аа. Эргэж төлөгдөх нь тодорхойгүй их хэмжээний зээл олголоо гэсэн шүүмжлэл явж байсныг санаж байна. Төлөгдсөн үү?

-Тийм шүүмжлэл байсан нь үнэн. Зах замбараагүй зээл олгоод эргээд эрсдэл дагуулна гэсэн шүүмжлэл маш их гарсан. Гэхдээ манайх энэ хөтөлбөрт оролцож 442 тэрбум төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Тэгвэл өнөөдөр 442 тэрбум төгрөгөөс 10 орчим тэрбум төгрөгийн л зээл төлөгдөх хугацаа нь дуусаагүй үлдсэн байна. Бусад нь төлөгдсөн. Өөрөөр хэлбэл, энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, эдийн засгаа сэргээсэн чанартай зээл байсан гэсэн үг. Үүн шиг бид орон сууцны ипотекийн зээлийг иргэдэд олгож байна.

Сүүлд хоршооны малчдын зээлд Төрийн банк манлайлан оролцож, 400 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Энэ бол хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг дэмжсэн бодлого гэж ойлгож байгаа.

Аливаа улс орны дундаж давхарга нь нийт иргэдийнхээ дийлэнх хувийг эзэлж байх нь тухайн улсын нийгэм, эдийн засаг тогтвортой хөгжих үндэс болдог гэж үздэг. Тиймдээ ч 2022 оны наймдугаар сард Төрийн банкийг Дундаж давхаргыг дэмжигч банк болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Бид энэ хүрээнд Дундаж давхаргыг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж гаргаад явж байна. “Алсын хараа 2050” хөтөлбөрт ч дундаж давхаргын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа.

-Та сая цар тахлын үеийг яриандаа дурслаа. Тухайн үеийн талаар нэмж тодруулмаар санагдлаа. УИХ-аас иргэдийн зээлийг царцааж, энэ нь эргээд банкны салбарын ачааг хүндрүүлж байсан үе. Ер нь тэр хүнд үеийг хэрхэн давж гарч байв?

-Энэ бол бас л нэг том сорилт байсан. Тэр тусмаа Төрийн банкны ажилтан, албан хаагчдын хувьд том сорилт болсон. Манай хамт олон ч бахархалтайгаар давж чадсан. Улс даяар хатуу хөл хорио тогтоож, худалдаа үйлчилгээ бүхэлдээ зогссон. Хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байсан тэр амаргүй цаг үе нийгмийн хамгийн хэцүү хэсэгт бүр ч хүнд туссан. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамж авдаг хүмүүсийн асуудал босож ирсэн. Халамж авдаг иргэдийн ихэнх нь цахимаар банкны үйлчилгээг авч дадаагүй, дэлгүүр хоршоонд ч бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг байсан. Тухайн үед Засгийн газраас банкийг ажиллуулж, тэтгэвэр халамжийг олгоё гэсэн шийдвэр гарсан. Төрийн банк мөн л манлайлж ажилласан. Улаанбаатар хотын бүх салбар нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.

Ковид-19 цар тахал дэгдэхэд эхэндээ хүн бүр л их айдастай, мэдээлэл дутмаг байсан. Туссан хүн бүр шууд нас барна гэсэн ойлголт ч байсан. Тийм үед банкны салбаруудаа ажиллуул гэх нь өөрөө банкны удирдлагын хувьд яг үнэндээ маш хүнд байлаа.

Зарим ажилчдын гэр бүл нь ажиллуулахгүй гэх асуудал хүртэл ярьж байлаа шүү дээ. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбар нэгжүүдийн ажилтнууд маань өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, цар тахлын тэр үед бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Хамгаалалтын битүү хувцас хэрэгсэлтэй, бие засах, хувцсаа солих ч боломжгүй тийм л хүнд нөхцөлд шилэн хаалтны цаанаас иргэдэд үйлчилсэн. Хатуу хөл хорионы үед ч халдвар хамгааллын дэглэм барьж иргэдэд үйлчилгээ үзүүлж болдог юм байна гэх жишгийг манай хамт олон тогтоосон. Тэгж л бид тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгийг иргэдэд олгосон. Иргэд ч бараа, бүтээгдэхүүн авах боломж бүрдсэн. Тэр үед бид харилцагчаа цахимжуулах ажлыг бас давхар хийгээд явсан.

-Цар тахал маш том сургамж болсон байх?

-Мэдээж. Юм хоёр талтай гэдэг үнэн юм билээ. Сорилтыг бид давхар боломж болгож чадсан. Харилцагчдаа цахимжуулах чиглэлд онцгой анхаарч ажилласан. 2020 оны хүртэл банкны салбарууд маш их ачаалалтай, оочер дугаар ихтэй байдаг байсан. Зарим салбарын гадаа нь хүмүүс дугаарладаг байлаа шүү дээ. Энэ байдал одоо харьцангуй өөрчлөгдсөн. Гэхдээ мэдээж бүх хүн цахим хэрэглэгч болж чадаагүй. Энэ нь бас л хоёр талтай юм билээ. Халамж авдаг зарим иргэд маань банкны салбар дээр очиж үйлчилгээ аваад бүр сурчихсан байдаг. Мөн тэтгэврийн ахмадууд маань цаг болзож байгаад банкин дээрээ хууч хөөрөөд суучихдаг.

Тэгж нийгмийн харилцаанд ордог хүн бишгүй бий. Гэлээ ч бид нийгэм хөгжих ёстой, цахимжих ёстой гэдэг утгаараа энэ төрлийн үйлчилгээндээ илүүтэй анхаарч байгаа.

Ер нь бол Ковид-19 цар тахлын үед хамт олноороо үнэхээр бахархсан. Би Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүдээрээ хоёр өдөр, хоёр шөнө тасралтгүй явсан. Хамгаалалтын хувцас хэрэглэлээ солих боломжгүй хөлс нь гоожчихсон ажилтнуудаа иргэдэд үйлчилж байгааг хараад бахархаж, бас сэтгэл хөндүүрлэсэн. Гэхдээ одоо бодоход бид даваад гарчээ, тэгээд зогсохгүй туршлагажсан байна.

-Хамт олноороо бахархсан гэдэг үгийг та хэдэнтээ хэллээ. Ер нь Төрийн банктай хэзээнээс амьдралаа холбосон бэ. Одоо танайх ямар бүтцээр ажиллаж байна вэ?

-Миний хувьд 2011 онд анх үйл ажиллагаа хариуцсан Дэд захирлаар томилогдож ажиллаж эхэлсэн. Улмаар 2013 онд ажлаа хүлээлгэн өгч, Монголбанканд ажиллаж байгаад 2018 онд Байгууллагын банкны захирлаар томилогдон Төрийн банкандаа дахин ажиллаж эхэлсэн. Харин 2020 онд Гүйцэтгэх захирал гэдэг энэ нэр хүндтэй ажлыг хүлээж авсан. Одоо Тэргүүн дэд болон хоёр дэд захирал гээд удирдлагын баг маань дөрвүүлээ. Бүтцийн хувьд 17 газар, 22 хэлтэс, 9 албатай, нийт 500 салбар нэгжтэй, 4000 гаруй ажилтан, албан хаагчидтай ажилладаг том гэр бүл болжээ, манай банк.

-Төрийн банкны хувь эзэмшилд бас өөрчлөлт орсон байх аа?

-Тийм ээ, УИХ-аас Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, системийн нөлөө бүхий банкуудыг олон нийтийнх болгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд Төрийн банк 2022 оны аравдугаар сард хувьцаагаа Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсон. Бусад банк, Төрийн өмчит компаниудаа манлайлж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноор одоо Сангийн яам 49.26 хувь, Хадгаламжийн даатгалын корпорац 45.03 хувь, олон нийт 5.71 хувь эзэмших болсон.

Манайх хувьцаат компани болсноор 25.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж, 50 хувиар нь дундаж давхаргыг дэмжих бүтээгдэхүүндээ зарцуулсан. Үлдсэн 50 хувийг нь тогтвортой хөгжил буюу ногоон зээлд зориулаад байна. Мөн тухайн үедээ Төрийн банкны хувьцаа анхдагч зах зээл дээр гурав дахин өндөр захиалга ирж, Монголын хөрөнгийн биржийн нэгэн түүхэн үйл явдал болж байлаа. Энэ бол Төрийн банканд иргэдийн итгэл ямар байгааг илэрхийлэх үзүүлэлт юм.

-Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Тэрбум мод, “Хүрээлэн” төсөл гэхчлэн мэдэх юм байна. Энэ чиглэлийн ажлуудаас тодруулбал?

-Манайх төрийн өмчийн оролцоотой гэдэг утгаараа нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа өндөр байх ёстой гэж үздэг. Үүний нэг нь таны хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн юм. Энэ хүрээнд арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулж, банкны гүйлгээний шимтгэл бүрээс тодорхой мөнгийг санд төвлөрүүлэн ажиллаж байна. Мөн Төрийн банк “Модыг мод(а) болгоё” гээд аян тогтмол зохион байгуулж, жилд хоёр удаа мод тарьж, түүнийгээ тогтмол арчилж ургуулж байгаа. Бас “Гялс” цэвэрлэгээ аяныг жил болгон зохион байгуулж гол мөрний ай савд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэсээр ирсэн бөгөөд жил бүр дунджаар 800 тонн хог хаягдлыг түүж цэвэрлэдэг.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс гадна дотооддоо ажилтан, албан хаагчдадаа чиглэсэн ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?

-Төрийн банкны хамгийн үнэт капитал бол хүний нөөц. Бид ажилтан, албан хаагчдынхаа тогтвор суурьшилтай ажиллаж, хөгжиж боловсрох нөхцөл бололцоог хангахын тулд үргэлж анхаарч ирсэн. Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх гээд төлөвлөсөн ажлууд маань ч үр дүнгээ өгч байна. Сүүлийн 2-3 жилд ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах хүсэл зорилго илт нэмэгдсэн. Энэ нь эргээд банкны өсөлт, хөгжилд ч үнэтэй хувь нэмэр болдог. Тухайлбал, бид жилд 200 ажилтандаа орон сууцны зээлийн квот олгож байгаа. Цалин нэмэх чиглэлээр үе шаттай зохицуулалт хийсээр ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард орон нутаг, тэр тусмаа суманд ажиллаж байгаа албан хаагчдынхаа цалинг 40-80 хувиар нэмсэн. Аймгийн төвийнхийг 20 хувиар гэхчлэн нэмэгдүүлж байна. Мөн улирал тутам урамшуулал олгож эхэлсэн. Одоо нэг асуудлыг шийдвэрлэхээр тал бүрээс нь судлаад л явж байна. Гүйлгээний ажилтнуудын хувцасны асуудал хүнд байгаа юм. Одоо бол ажилтнууд маань салбар, нэгжээрээ хувиасаа мөнгө гаргаад өөрсдөө хувцсаараа жигдрээд явж байна. Угтаа нэгдсэн журмаар зохион байгуулъя гэдэг боловч Төрийн хэмнэлтийн хуулиар энэ асуудал шийдэгдэх боломжгүй болчихоод бид гарц шийдэл судалж байна.

-Та бид хоёр Төрийн банкны өнгөрсөн 15 жилийн хугацаанд хүрсэн ололт, амжилтын талаар түлхүү ярилцлаа. Одоо ирээдүйд төлөвлөлтийн талаар хэдэн асуултад хариу авъя. Төрийн банк ногоон банк болно гэсэн мэдээллүүд цацагдаж эхэллээ. Энэ ямар учиртай вэ?

-Үндсэндээ Төрийн банк хөгжлийн гурван үе шатыг дамжсан гэж үзэж болох юм. Анх 2009 онд үүсгэн байгуулагдахдаа харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтвортой байдлыг хангах зорилго гол байсан. Үүний дараагаар 2013 онд үндэсний хэмжээний банк болж өргөжсөн. Энэ бол хоёрдугаар үе шат буюу Монгол Улсын нийт иргэнд үйлчилдэг банк болсон. Харин одоо гурав дахь үе шат нь ногоон хөгжил болон дундаж давхаргыг дэмжих ажлууд гэж ойлгож болно. Засгийн газраас өгсөн чиглэл, бодлогын дагуу ногоон банк болох нэлээд ажлыг хийхээр төлөвлөөд байна. Товчхондоо, шинэ 15 жилд Төрийн банк ногоон хөгжилд түүчээлж ажиллана гэж ойлгож болно.

-Ногоон хөгжлийг зорилтоо болгосон нь ямар учиртай юм бэ?

-Нэг талаас уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас энэ бол гэнэт гарч ирж буй бодлого биш. Тогтвортой хөгжлийн чиглэлд банкны систем санаачилга гаргаж, “ТоС” холбоог 2013 онд байгуулсан. Төрийн банк ч энэ холбоонд гишүүнээр элсэж, тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Улс орны нийгэм, эдийн засаг тогтвортой байж хөгжил яригдана. Энэ бол дэлхийн нийтийн жишиг, хандлага. Тэгэхээр тогтвортой хөгжихийн тулд бид яах ёстой вэ гэдэг асуудал цаана нь хөндөгдөж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг яаж даван туулах вэ гэдэг асуудлыг бид нэн түрүүнд анхаарч үзэх ёстой. Иймээс л энэ бүхэнд Төрийн банк манлайлж оролцохоор зорилгоо тодорхойлсон гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газраас ч 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Төрийн банкийг ногоон хөгжлийг дэмжигч ногоон банк болгох шийдвэр гарсан. Бид энэ хүрээнд олон ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 15 бүтээгдэхүүн шинээр гаргасан байна. Тун удахгүй шинэ оноос өмнө дахин хоёр бүтээгдэхүүн танилцуулна. Тогтвортой хөгжилд чиглэсэн болон уур амьсгалын нөлөөллийг багасгах төсөл, хөтөлбөрт түлхүү хөрөнгө оруулалт хийнэ.

-Ямар бүтээгдэхүүн, өөрчлөлтүүд вэ. Цухас тодруулж болох уу?

-Мэдээж олон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгоно. Тухайлбал, “Малчны ногоон зээл”-ийг зах зээлд нэвтрүүлэх шийдвэр гаргаад явж байна. Манайх АНУ болон Европын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд  валютын эх үүсвэр шинээр татах зорилгоор “Ногоон бонд” гаргахаар ажиллаж байна. Гэхдээ үүнээс гадна бид өөрсдөө эхэлж “ногоон” болох ёстой гэж үзсэн. Тэр хүрээнд “Банкны ногоон оффисын заавар”-ыг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, банкны төв болон орон нутгийн зарим салбар нэгжийг ирэх онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Хүлэмжийн хийг бууруулах үүднээс ажилчдын автобус гаргах, энэ нь эргээд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ч хувь нэмрээ оруулна гэж үзэж буй. Энэ мэт төлөвлөсөн олон ажил бий. Ингэж бид түрүүлж банкаа “ногооруулна”.

-Ногоон банк боллоо гээд бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд өөрчлөлт орох уу. Жишээ нь, дундаж давхаргыг дэмжих бодлого үргэлжлэх үү?

-Тийм ээ, үргэлжилнэ. Бид дундаж давхаргаа дэмжээд явна. Өмнө нь харилцагчдад маань танигдсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулаад явах болно. Ногоон санхүүжилтийг дэмжигч банк гэдэг утгаараа ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүддээ нэмж санал болгоно гэсэн үг.

-Мэдээж нэг талаас танаас асуух нь буруу асуулт байх. Гэхдээ нөгөө талдаа Төрийн банк бол системийн нөлөө бүхий таван банкны нэг. Тиймээс “Зээлийн хүү буурах уу” гэж асуух нь зөв ч юм шиг. Энэ асуултад та ямар хариулт өгөх вэ?

-Банк гэдэг өөрөө зуучлалын байгууллага. Чөлөөт эх үүсвэрийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс итгэлцлийн үндсэн дээр аваад эргээд зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргаж байгаа. Дундаас нь мэдээж үйл ажиллагааны зардлаа нөхөж, ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох ажил хийдэг.

Төр, засгийн зүгээс зээлийн хүү бууруулах асуудлыг ярьж, бодлогын шинжтэй арга хэмжээ авсаар ирсэн. Төрийн банкны тухайд бол иргэдийн банк. Өөрөөр хэлбэл, манай эх үүсвэр бол бараг бүхэлдээ иргэдээс татсан мөнгө. Манай нийт харилцагчдын 98 хувь нь иргэд. Мэдээж бид иргэдээс эх үүсвэр татахдаа зах зээлийн зарчимдаа үндэслээд л хадгаламжийн хүүгээ санал болгоод явдаг. Иргэд ч тийм хүү хүсэж эх үүсвэрээ байршуулна. Нэг талдаа ийм юм. Нөгөө талдаа, зээлийн хүү бууруулах тал дээр ч гадаад, дотоодын бусад хямд эх үүсвэр татах ажлыг бид тогтмол хийгээд явдаг. Түрүүнд хэлсэн “Ногоон бонд”-ыг амжилттай босговол бас нэг валютын хямд эх үүсвэр нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Товчхондоо, эх үүсвэрийн хүү хямд байвал зээлийн хүү буурах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Энэ дашрамд, Төрийн банкаар 15 жил итгэж үйлчлүүлсэн харилцагчдадаа баярлалаа. Мөн энэ банкны үнэт капитал болсон Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй 4000 гаруй ажилтан, албан хаагчдадаа баярын мэнд хүргэе.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Огноо:

,

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.

Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.

Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.

Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”,  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.

  • Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
  • Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
  • Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
  • Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
  • Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох