Цаг үе
Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур шинээр явган зам тавина
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан.
Энэ асуудлыг шийдэх талаар иргэдээс гомдол их ирдэг байсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршил дахь “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд талбай чөлөөлүүлэхээр боллоо. Ийнхүү “Сүлжээ” ХХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавих юм.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа “Манай байгууллагаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-нд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан газар чөлөөлөлт хийх шаардлагатай талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгийн хамгийн захын хэсгээс дөрвөн метр хүртэлх талбайг чөлөөлөх боломжтой гэсэн. Газар чөлөөлөлтийг хийсний дараа тухайн байршилд стандартад нийцсэн 1.5 метр өргөн явган замын ажлыг эхэлнэ. Тус хорооны иргэдийн хүүхдүүд өмнө нь сургууль, цэцэрлэгтээ явахдаа 1.2 км замыг туулдаг байсан бол шинэ явган зам тавьсны дараа 400 метр замыг аюулгүй туулж, зорьсон газартаа хүрэх боломжтой боллоо” гэв.
Цаг үе
"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уриалга гаргасан. Тэгвэл өнөөдөр хотын өнгө үзэмжийг сайжруулж, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүллээ.

Өнөөдөр 300 гаруй залуус сайн дураараа нэгдэж, Олимпын гүүр болон явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх юм байна.
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг санаачлагч, “Volunteer Mongolia”-г үүсгэн байгуулагч А.Ням-Од “Манай байгууллага 2021 оноос хойш сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Туул гол, Сэлбэ гол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж цэвэрлэх ажлуудыг санаачилж хийж байсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг учраас хот өнгө үзэмжтэй байх ёстой.

Наймдугаар сард COP17 олон улсын хурлаар олон зуун зочид, төлөөлөгчид ирнэ. Мөн манай улсад зун жуулчид олноор зочилдог. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газраа цэвэрлэж, хотоо соёлтой болгохыг залуус бид уриалж байна. Бид дараагийн удаад Энхтайваны гүүрийг цэвэрлэнэ” гэлээ.
Хотын аж ахуйн нэгж, байгууллагууд нь НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр газрын эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриаллаа.
Цаг үе
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив.
Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Цаг үе
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхөд орших Монгол наадам үзэл санаа, утга агуулгын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.
Баяр наадмын нээлтийн тасалбарыг өнөөдрөөс Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Мөн баяр наадмын нээлтийн тоглолтыг 07-сарын 11-ний 21 цагаас дахин тоглоно.
Наадмын 11,12-ны тасалбар 150 мянга, 7 дугаар сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна
Баяр наадмаар 7 төрлийн автомашины зогсоолыг 20-80 мянган төгрөгийн хооронд худалдана. Мөн энэ жилийн баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар гаргаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсгийг гаргана ажиллаж байна. Энэ жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдана. Баяр наадмын бөхийн барилдааны нэг хоёрын давааг 7 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлж барилдана.
Энэ жил зүлэг ногоон дэмжээг өөрчлөхгүй. Допингийн урьдчилсан шинжилгээг тавдугаар сард авсан байгаа.
Баяр наадмын хурдан морины уралдаанд өөрчлөлт орсон. Долоодугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан уралдсаны дараа эрлийз дунд нас уралдана. Долоодугаар сарын 11-нд Азарга, Их насны дараа мөн эрлийз их нас уралдана.
Долоодугаар сарын 13-нд Дэлхийн морьтны өдрийн том арга хэмжээ Хүй долоон худагт болох учир ийм зохион байгуулалт хийсэн. Олон улсын уралдаан 50 гаруй оронд урилга явуулсан. Морин парад явагдана. Шүлхий өвчин гарсан аймгуудыг хассан байгаа. Морины стандарт батлагдсан байгаа.
Барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Р.Пүрэвдагвын асуудлыг МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөл 7 дугаар сарын 06, 07-ны үеэр дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Учир Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөлдөө хандсан байгаа.
-
Цаг үе2025/01/30
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж ба...
-
Шударга мэдээ2021/06/17
Энэ онд сургууль, цэцэрлэгийн 140 орчим барилгыг ашиглалтад оруулна
-
Цаг үе2026/04/10
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Цаг үе2023/01/16
Иргэний нийгмийн байгууллагуудын анхааралд
