Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны наймдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2024 оны наймдугаар сарын 09-нөөс 2024 оны наймдугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10, 11-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
