Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Цахилгааны үнээ нэмэх үү? Шарын голын нүүрсний уурхайн удирдлагууд тансаглалаа хумих уу?

Огноо:

,

Шарын голын уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар тэргүүтэй найман хүн жагсаал цуглаан хийж, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Шарын голын уурхайг дампууруулан, 500 уурхайчныг ажил амьдралгүй болгох гэж байна гэсэн утга агуулгатай мэдээллийг тарааж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Гэвч сурвалжлагыг бэлтгэх явцад маргаантай, бас анхаарч үзүүштэй олон зүйл гарч ирж байсан юм. 

Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшинээс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршдог.  Улаанбаатар, Дархан хоттой төмөр зам, авто замаар, төвийн бүсийн эрчим хүчний системтэй 110 кВ-ийн шугамаар холбогдсон. Дэд бүтэц сайн хөгжсөн газар. Нүүрсний уурхайн барилга байгууламжийг ЗХУ (хуучин нэрээр)-ын техник эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1965 оны 04-р сарын 06-нд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлож, 5.0 сая шоо метр хөрс хуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд оруулсан байна.

1981 оноос хүчин чадлыг өргөтгөн жилдээ 10000 мян.шоо метр хөрс хуулан, 2000-2500 мян.тн нүүрс олборлохоор шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Гэвч 1995 оноос тус уурхай хувьд шилжиж, гурван ч удаа үнэт цаас нэмж гаргасан гэхээс өөр ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан, төрийн мөнгөөр хайгуул хийсэн, төрийн өмч байх ёстой уурхай ямар аргаар, хэрхэн хувь хүмүүсийн өмч болсон гэдэг нь тодорхойгүй. Албан бус эх сурвалжууд “Шарын голын нүүрсний уурхайн томоохон хувьцаа эзэмшигчид  Хөвсгөл аймагт байрлах Могойн голын нүүрсний уурхайн  их хэмжээний хувьцаа эзэмшдэг” гэсэн мэдээллийг өгч байна.

ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЦАХИЛГААН СТАНЦУУДАД НҮҮРСЭЭ БОРЛУУЛДАГ

Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний эвлэлээс “Шарын голын уурхай бол компанийн статусын хувьд хувьцаат компани буюу хувийн өмчийн компани юм. Өөрөөр хэлбэл, тус уурхайн борлуулах нүүрсний үнийг төр тогтоох эрх зүйн үндэсгүй” гэдэг гомдол тавьж байгаа. Тэгвэл Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог хянадаг юм байна. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу л ажлаа явуулж байгаа болохоос биш Шарын голын уурхайг дампууруулахын тулд зориуд, сайн дураараа үнийг нь бариад байгаа зүйл байхгүй бололтой. Нөгөө талаар ганцхан Шарын гол ч биш дулааны станцуудад нүүрс нийлүүлж байгаа Багануурын нүүрсний уурхай, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Адуунчулууны нүүрсний уурхай гэх мэт маш олон хувийн хэвшлийн уурхайн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянаж тогтоодог.аж.

Энэ хүснэгтээс үзвэл Шарын голын нүүрсний уурхайн нүүрс нийлүүлж байгаа өртөг хамгийн өндөр байгаа нь харагдаж байна.

ШАРЫН ГОЛЫН УУРХАЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ТУСАМ ЗАРДАЛ НЬ ӨСДӨГ

Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн 1 тонн нүүрсний үнийг 2016 онд 6,500.0 төгрөгөөр, 2018 онд 2,000.0 төгрөгөөр, 2019 онд 2,000.0 төгрөгөөр тус тус нэмжээ. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш Шарын голын нүүрсний уурхайн нүүрсний  үнэ  дөрвөн жилийн дотор 10,500.0 төгрөг буюу 35.0 хувиар нэмэгдээд байгаа юм байна. Гэвч үүнийг уурхайчид чамлан,  Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар “Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн хоёр жилд нийтдээ 4,000.0 төгрөгөөр л  нүүрсний үнэ нэмсэн. Хүүхэд хуурч байгаа юм шиг бага мөнгөөр нэмлээ” гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдэл хийсэн. Тэгвэл энэ мөнгө бага уу их үү гэдгийг тооцоолж үзлээ.

Дээрх хүснэгтээс харахад Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500 төгрөгөөр нэмж, тус уурхайн борлуулалтын орлого 4.9 тэрбум төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 2.2 тэрбум төгрөгөөр, 2019 онд дахин 2000 төгрөгөөр нэмж, борлуулалтын орлого нь 2.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.  Шарын голын нүүрсний уурхайн борлуулалтын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 9.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Энэ бол бодит тоо. Энэ бол их мөнгө.

Гэвч нүүрсний үнийг нь нэмэх тусам Шарын голын уурхай зардлаа аж. Тодруулбал, 2018 онд тус уурхайн Удирдлагын зардал нийт зардлын 2.7% буюу 1 тэрбум 454 сая төгрөг байжээ. Гэтэл 500 уурхайчныхаа нийгмийн зардалд Шарын голын уурхайн удирдлагууд 555 сая төгрөг төсөвлөсөн байна. Шарын голын нүүрсний уурхайн удирдлага гэх цөөхөн хүн өөрсөддөө 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн хэрнээ үүнээс бараг 3 дахин бага мөнгийг уурхайчдынхаа нийгмийн асуудалд зарцуулах тооцоо хийжээ.  Бүр цаашилбал 2013, 2014 онуудад тус уурхайн удирдлага 5 тэрбум гаруй төгрөгийг өөрсдөдөө зарцуулж байсан гэх мэдээлэл байна. Мөн өнгөрсөн жилүүдэд уурхайн удирдлагууд өөрсдийгөө асар их мөнгөөр шагнадаг байсан байна. Үүнийг удирдлагуудын тансаглал гэж нэрлэхээс өөрөөр нэрлэх арга алга.

Үүнээс гадна Шарын голын нүүрсний уурхайн нүүрсний борлуултын орлого нь үнэ тарифын зохицуулалтын үр дүнд өнгөрсөн 2018-2019 онд нийтдээ  4.4 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ. Гэтэл тус уурхай орлогыг нь нэмэхээр  зардлаа өсгөдөг гажиг тогтолцоотой. Жишээлбэл тус компани 2018 онд 42 тэрбум төгрөгийн зардалтай ажиллажээ. Харин 2019 онд буюу нэг жилийн дотор  энэ зардал  13 тэрбум төгрөгөөр огцом нэмэгдэж, 55 тэрбум төгрөг болж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа ч ямар ч бодитой баримт, нотлох зүйлийг Эрчим хүчний зохицуулах хороонд огт ирүүлээгүй байна.

Зөвхөн түлшний зардалд гэхэд тус компани 2019 онд 10.6 тэрбум төгрөгийн зардал гаргана гэж тооцсон боловч хэдэн машин механизмд зориулан хаанаас ямар үнээр хэчнээн хэмжээний түлш авч ашиглах  талаар ямар ч мэдээлэл байхгүй байх юм. Бусад зардлуудын хувьд ч үүнтэй яг адил тодорхой мэдээлэл гаргаж өгөөгүй байна. Мөн уурхайн удирдлагууд 2019 онд хөрс хуулалтад их хэмжээний мөнгө зарцуулсан гэж амаар ярьж байгаа боловч Уул уурхайн яамаар батлуулсан уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлтэй холбоотой нэг ч баримт ирүүлсэнгүй.

Ийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн удирдлагуудтай өнгөрсөн оны сүүлээр уулзалт хийж, нүүрсний үнийн тооцоолол, тавигдах шаардлага, нотлох баримтуудыг ирүүлэх, шаардлага хангасан тооцоолол ирүүлсэн нөхцөлд үнийн тооцоог хянах боломжтой гэдгээ мэдэгдэж, холбогдох зөвлөгөө өгч байжээ. Гэвч уурхайн удирдлагууд энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. “Үнэ нэмж өг” гэсэн мэдэгдэл ирүүлж, сүүлдээ “Хувийн компанийн нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоох ёсгүй” гэх мэт улаан цайм хууль зөрчсөн үйлдэл гаргаж, эцэс сүүлд нь бослого тэмцэл маягийн зүйл зохион байгуулах болжээ. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг л хянадаг. Харин нүүрсний уурхайнууд гадаад зах зээл дээр болон жижиглэнгээр худалдаалж байгаа нүүрснийхээ үнийг өөрсдөө тогтоодог юм байна.

  Тус уурхайн удирдлагууд үргүй зардлаа танаж, уурхайчдынхаа ахуй амьдралыг бодож, төсөв төлөвлөгөөгөө зөв гаргаж, Эрчим хүчний зохицуулах хороонд хууль дүрмийн дагуу үндэслэл тооцоотой, нотлох баримттай тарифын саналаа ирүүлэхгүй байж асуудлыг гэнэт улс төржүүлж эхэлжээ. Тус уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар “Төрийн өмчит уурхайнуудад төрөөс татаас өгдөг. Гэтэл Шарын голын уурхайчид л хохирч үлддэг” гэж мэдэгдсэн. Энэ талаар тодруулахад Багануур, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит уурхайнууд төрөөс  ямар нэгэн татаас авахгүйгээр, Шарын голын нүүрсний уурхайгаас 20-40 хувийн хямд үнээр нүүрсээ станцуудад нийлүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Шарын голын нүүрсний уурхай бол хувийн, тодруулбал  хувьцаа эзмшигчдийн өмч. Тус компанийн цахим хуудаснаас харахад Шарын голын уурхайн 10.170.242 ширхэг хувьцааг 1055 хувьцаа эзэмшигч эзэмшдэг бололтой. Гэхдээ хувьцаа эзэмшигчид нь уурхайг буюу өөрийнх нь өмч хөрөнгийг харж хандах, аривжуулж байх учиртай удирдлагууд нь өөрсдийгөө шагнаж, их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулж, төсөв төлөвлөгөө гэх зүйлгүйгээр зардлаа өсгөж байгааг мэддэг болов уу гэсэн бодол энэ дашрамд төрснийг нуугаад яахав.

ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ НЭМЭХ ҮҮ? ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН УДИРДЛАГУУД ТАНСАГЛАЛАА ХУМИХ УУ?

Өнөөдөр яг ийм асуулт урган гарч ирээд байна. Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний хорооны зүгээс нүүрсний үнэ бодит өртгөөс 4000-6000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг гэдэг хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж байгаа боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир Эрчим хүчний зохицуулах хороо тус компанийн нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй гэж мэдэгдэж байна. Хэрвээ шаардлага хангаагүй үнийн тооцоогоор Шарын голын уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд төвийн бүсийн 575000 гаруй хэрэглэгчийн цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд 2.0 төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.

Сэтгүүлчид Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатараас “Танай компани хуулийн дагуу тарифын саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлээгүй байна. Энэ талаар та мэдэж байгаа юу?” хэмээн асуухад “Мэдэхгүй. Наад асуудлаа манай удирдлагуудтай л ярь” хэмээн хариулж байх юм. Шарын голын нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Ө.Хишигсүх тэргүүтэй удирдлагууд нь өөрсдөө Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрмийг зөрчин давуу эрх эдлэх сонирхолдоо хөтлөгдөн өнөөдрийг хүртэл шаардлага хангасан тарифын саналаа ирүүлээгүй байгааг жагсаал, цуглаан хийж байгаа уурхайчид нь даанч мэдэхгүй явцгааж байна. Тус уурхайн Үйлдвэрчний хороо уг нь Эрчим хүчний сайд болон Зохицуулах хорооны дарга нар руу дайрч, жагсаал цуглаан маягтай  зүйл хийхийнхээ оронд ажлаа мэддэггүй, мэдсэн ч хийхийг хүсдэггүй удирдлагуудтайгаа хариуцлага тооцох, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцэх учиртай баймаар... Үйлдвэрчний эвлэл гэдэг улс төрчдийн бие биендээ гаргаж барьдаг мод биш гэдгийг эрхбиш ойлгох байлгүй дээ.

Эрчим хүчний үнэ тариф гэдэг эдийн засгийн суурь үнийн нэг.  Иймдээ ч Эрчим хүчний зохицуулах хорооноос бусад эрчим хүчний үйлдвэр, компаниудын цахилгаан, дулааны үнийг холбогдох аргачлал, журмын дагуу бодит мэдээлэл, баримтад тулгуурлан хянаж тогтоох замаар үйлдвэрлэгч, компани, хэрэглэгчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангадаг юм байна. Тиймээс ажлаа мэддэггүй, хууль дүрэм журмаа судлаагүй, үл ойшоодог, холбогдох дүрэм журмын дагуу асуудлаа гарган тавьж чаддаггүй Шарын голын нүүрсний уурхайн удирдлагуудаас болж эрчим хүч хэрэглэгчид болон уурхайчид  хохирох учиргүй.

Б.Чулуун

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.

Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм17 цаг 46 минут

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм17 цаг 50 минут

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ17 цаг 56 минут

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Цаг үе18 цаг 3 минут

Туул голд живж эхэлсэн эмэгтэй, хүүхдийг эсэн мэнд аварчээ

Цаг үе18 цаг 6 минут

Төв аймаг 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгээд байна

Цаг үе18 цаг 11 минут

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ...

Шударга мэдээ2026/07/23

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг...

Цаг үе2026/07/23

Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодло...

Цаг үе2026/07/23

Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худал...

Улстөр нийгэм2026/07/23

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Санал болгох