Цаг үе
Яармагийн гэр хорооллын 80 гудамжны шороон замыг хайргаар тэгшилнэ
Яармагийн гэр хорооллын 80 гудамжны шороон замыг авто замын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж, баяр наадмаас өмнө бүрэн тохижуулна. Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн гэр хорооллын эвдрэл ихтэй, 80 гудамжны шороон замыг дүүргийн зам талбайн арчлалт хариуцсан байгууллага бүрэн засварлаж, тохижуулна.
Өнгөрсөн бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхантай хамт Яармагийн гэр хорооллын гудамж, зам талбайтай танилцаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн жил дүүргийн Зам засвар, арчлалт хариуцсан байгууллага гэр хорооллын бартаа ихтэй 60 гаруй байршлын шороон замыг сайжруулж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилсэн бол ирэх 7 хоногоос эхлэн яармагийн 80 гаруй гудамжны шороон замыг засварлаж, шинэчлэх ажлыг эхлүүлэх юм.
Ялангуяа зуны улиралд гэр хорооллын зам овон товон ихтэй, борооны ус ихээр тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байсан. Тус 80 гудамжны шороон замыг хусаж, хайргаар тэгшлэн сайжруулснаар Яармагийн гэр хорооллын 30 гаруй мянган хүн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ
Цаг үе
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
-
Улстөр нийгэм2024/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав
-
Улстөр нийгэм2023/09/14
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эр...
-
Улстөр нийгэм2021/12/09
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Шударга мэдээ2022/06/09
14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоолоо
