Цаг үе
Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аадар орох төлөвтэй байна

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. Агаарын температур долоодугаар сарын 18-19 өдрүүдэд өдөртөө 25-30 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 23-ний өдөр үдээс түр зуурын дуу цахилгаантай аадар орно.
Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долоодугаар сарын 20-ний оройноос эхлүүлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 15 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.
Цаг үе
Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна
Баянгол дүүргийн 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна. Уг “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг бидний өмнө мэдээлж байснаар гар утас худалдааны төвийг дамлан түрээсэлж сард 20 сая төгрөгийн ашиг олдог боловч нийслэлд 3.7 саяыг төвлөрүүлж байсан этгээд мөн 5 жил түрээсэлсэн. Гэвч түрээслэх хугацаандаа тус байрыг нэг ч удаа ашиглаж, тордоогүй эвдэрч сүйдээд байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.
Харин “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийг шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга руу шилжүүлжээ. Тухайн орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс балгас болсон тус барилгыг акталж нурааж, ногоон байгууламж болгохоор шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар хэллээ.
Түүнчлэн энэ онд өмч хувьчлалын жагсаалтад 28 барилга байгууламж орсон. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 2-ны Өмч хувьчлалын комиссын хурлаар 13 объектыг өмч хувьчлалын жагсаалтаас хасаж нураан, нийтийн эзэмшлийн талбай болгохоор шийдвэрлээд байна. Мөн Улаанбаатар хотын удирдлагын зүгээс өмчийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах зарчмыг баримталж ажиллаж байгаа билээ.
Цаг үе
“Аяллын хэрэгсэл” худалдан авах эрэлт хэрэгцээ дээр тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна
Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд “Бараа бүтээгдэхүүн захиалга, худалдана” гэх зар мэдээллийг байршуулж иргэдийн эд хөрөнгийг залилсан гэх 1625 хэрэг бүртгэгдээд байна.
Тухайлбал энэ 7 хоногт цагдаагийн байгууллагад Өмнөговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 2 иргэнээс “Майхан зарна” гэх фэйсбүүкт байршсан зарын дагуу холбогдож тус бүр 550,000-780,000 төгрөг шилжүүлж, бусдад залилуулсан гэх гомдол мэдээллийг гаргасан байна.
Иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн дагуу бусдаас эд зүйл худалдан авах тохиолдолд залилагч этгээдүүд таны хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг анхаарч, бусдад эд хөрөнгөө шилжүүлэхээс өмнө сайтар нягталж, шалгаж байхыг зөвлөж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Цаг үе
Орон сууцны үнэ 14.3 хувиар өсжээ
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.57 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.7хувь (998.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувь (311.1мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
