Улстөр нийгэм
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ.
Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.
Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ.
Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.

Улстөр нийгэм
Монгол Улсын ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, 2022 онд прокурорын нийт төсөв 60 тэрбум төгрөг байсан бол 4 жилийн дараа 144 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байгааг дурдаад үүнийг прокуроруудаа чадавхжуулах, сургалт судалгаа хийх, Монгол Улсад шударга ёсыг тогтооход зарцуулагдаж байгаа эсэхийг тодруулсан.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний долоон сарын байдлаар 1.2 их наядаар тасарч, улмаар оны эцэст 2.0 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай, улмаар төсвийн зарлага 1.6 их наяд төгрөгөөр хэтрээд буйг дурдаад ирэх оны төсвийн төсөлд орлого орлох, ханшид нөлөөлөх бүх асуудлаа тодорхой шийдэхгүй бол асуудал үүснэ гэдгийг анхааруулав.
Мөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлыг шийдэж, үйл ажиллагааг нь хэрхэн хэвийн болгох, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн цалин урамшуулыг нэмэх, боловсон хүчний хомсдлыг хэрхэн шийдвэрлэх, төрийн албан хаагчийн 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг он дамжуулан олгоно гэдгийг хэрхэн ойлгох талаар илүүтэй тодруулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын асуудал ноцтой, тусламж, үйлчилгээ жигд, хүртээмжтэй байж чадахгүй байна. Иймд өчигдөр Засгийн газарт нөхцөл байдлын талаар танилцуулсныг хариултдаа онцлоод эрүүл мэндийн даатгалтай холбоотой өр үүсгээд, түүнийг нь Засгийн газар төлдөг буруу хандлагыг тогтоож болохгүй гэв. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зөв зарцуулахад сэтгэл дутаад байна гэж салбарын сайд дүгнэлээ.
Мөн Боловсролын сайд Н.Наранбаатар хариултдаа, Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлрүү шилжүүлэх нь чухал асуудал болоод байна. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа тул багшийн үндсэн цалинг нэмэх нь хамгийн чухал асуудал гэдэгтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн салбарын сайд багшийн хомсдолыг урт, богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн зургаан багц арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, сургалтын цагийн норм нь 19 цагт хүрэхгүй байгаа багшийг шилжүүлэн ажиллуулах, тэтгэвэртээ суусан багшийг дахин ажиллуулах, төгсөх дамжаандаа амжилттай суралцаж буй оюутнуудаас ажиллуулах, мөн баклаврын зэрэгтэй салбарын боловсон хүчнийг богино хугацаанд багшаар бэлдэж байна. Одоогоор 150 орчим хүн бэлтгэгдээд цагийн багшаар ажиллаж байна гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох асуудлаар өмнө нь ийм зохицуулалт хийж байсныг дурдав. Тэрбээр, ирэх жил тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжийнхээ тал мөнгөө аваад, үлдэгдлийг нь он гараад авч болно. Эсвэл тэтгэвэрт гарах хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулж, 2027 он руу шилжүүлэх, бүр төсвийн ерөнхийлөн захирагчид хэмнэлтийг төсөв дотроо зохицуулалт хийгээд тэтгэмжид шилжүүлэх зэрэг олон хувилбараар шийдэх боломж байгаа. Энэ асуудлаас айхтар хохирол гарахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлье хэмээв.
Гишүүд ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь авто зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8.0 хувийг эрүүл мэндийн салбарт, үүн дээр гадаадын зээл, тусламжийг тооцвол 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгагдсан буйг шүүмжлэв. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван салбарт буюу хүний хөгжлөө дэмжих чиглэлд хэзээнээс зарцуулдаг болох талаар тайлбар хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариултдаа, Ер нь төсвийн төслийн ерөнхий агуулгаар нь харвал эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 5.5, боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн. 1.2 их наяд төгрөг байсныг 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, цаашлаад 2028 онд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт дэвшүүлэх зэргээр цогц өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ онцлов. Тэрбээр хөрөнгө оруулалтаар шинэ зам барихгүй, ноднин жил эхлүүлсэн замуудыг барихад үргэлжлүүлэх шаардлагатай байна гэлээ.
Харин Сангийн сайд нэмэлт тайлбарыг хийсэн. Б.Жавхлан сайд, хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч, автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн хамгийн зөв онош тавигдаад сүүлийн таван жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ бүтэц нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд баригдсанаар үүндээр тулгуурлан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна гэв.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цайны цаг болсон тул түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар гишүүдийн асуулт, хариултыг үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.