Цаг үе
Малчдад зөвлөн туслах үүрэгтэй баг ажиллуулна
Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо зээл авсан байна.
Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан байна.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
