Цаг үе
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан “Бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. ЮНЕСКО-гоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд 2.2 их наяд ам.долларын орлоготой, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар байна.
Тэгвэл Соёлын яамнаас хийсэн Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаанаас үзэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Түүнчлэн дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна.
Энэ цаг үед Монгол Улс өөрийн орны өвөрмөц онцлог, нөөцөд тулгуурласан, олон улсын чиг хандлага, технологийн хурдтай хөгжилд уялдуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулж, дараах нөхцөлийг бүрдүүлнэ.
-
Хүүхэд, залуучуудын соёлын хэрэглээг идэвхжүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын салбарыг тэлэх, соёл хүртэх дадал зуршлыг бий болгох, урлагт чин сэтгэлээсээ татагдах байдлыг дэмжих нөхцөлийг бүрдүүлж, 16-18 насны Монгол Улсын иргэнд Соёлын эрхийн бичиг эзэмшүүлнэ. Уг эрхийн бичиг нь цахим бүртгэлийг ашиглаж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээ авахад зориулагдсан тоо хэмжээг илэрхийлсэн хэрэгсэл байна.
-
Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, иргэдийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд уран бүтээлч, соёлын ажилтныг тасралтгүй хөгжүүлэх, хүний нөөцийг тогтмол дэмжих нөхцөл бүрдлээ.
-
Программ хангамжийн салбар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүх салбарт нөөц шилжүүлдэг гол салбар болохын зэрэгцээ программ хангамжийн энэ онцлог шинж нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дижитал шилжилтийн суурь болж байгаа тул соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг шинээр нэвтрүүлэх, дамжуулах, хөгжүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ.
-
Оюуны бүтээлийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, үр шимийг нь хүртэх нөхцөлийг бүрдүүлж, “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтцийг нэвтрүүлэх”-ээр боллоо. Ингэснээр уран бүтээлчдийг уран бүтээлийнхээ үр шимээр амьдрах боломжийг бүрдүүлж, уран бүтээлч нийгмийн болон санхүүгийн баталгаагүй хэвээр үлддэг нөхцөл арилна.
-
Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн маркетингийн сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, олон улс, бүс нутгийн түвшинд ажиллах, олон улсын зорилтот зах зээлийн судалгаа хийх, үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг дэмжинэ.
-
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах хөрөнгө оруулалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, парк, цогцолбор, инкубатор байгуулан ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, экосистем, бүтээлч орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
-
Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон түүнийг бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглах үйл явцыг бүртгэхэд олон улсын стандарт, ангиллыг баримтална.
-
Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн тоног төхөөрөмжийг соёлын бүтээгдэхүүний төрлөөс хамаарч нэвтрүүлэхэд үзүүлэх дэмжлэгийг төрөөс нэг удаа, хянах систем хөгжүүлэх зардлын дэмжлэгийг хуулийн этгээд, хамтын удирдлагын байгууллагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр 5 жилийн хугацаанд үзүүлнэ.
-
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зорилгоор албан татвар ногдох орлогын 5 хувиас хэтрэхгүйгээр өгсөн хандивыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор боллоо.
-
Монгол Улсад бүтээх боломжгүй том хэмжээний уран баримал, урлагийн бүтээлийг болон гадаад улсаас Монгол Улсад авчрах соёлын өвийн хуулбарыг гаалийн татвараас чөлөөлнө хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
