Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дархан, Сэлэнгийн нутаг, Булган, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна. Оройдоо ихэнх нутгаар хүйтэрнэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
2023 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Цаг үе
ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яамнаас хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлэн олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан англи хэлний цогц хөтөлбөрийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын түшиц 105 сургуулийн 3-4 дүгээр ангид туршсан. Туршилтад нийслэлийн 37, аймгийн төв, сумын 67 ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангийн нийт 37,161 суралцагч хамрагдаж, ярих, сонсох, унших, бичих анхан шатны ур чадвар эзэмшжээ.
Туршилтаар гурав, дөрөвдүгээр ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Багшийн хүрэлцээ, ур чадвар чухал байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны дөрөвдүгээр сард төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсан бөгөөд үр дүнд нь 3, 4 дүгээр ангид англи хэлний хичээлийг дунд ангийн мэргэжлийн англи хэлний багш нар, бага ангийн багш нар болон бусад хувилбаруудыг сургуулийн нөөц, боломждоо тулгуурлан заах боломжтой гэжээ. Үүний дагуу англи хэл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай эхлүүлээд байна.
Цаг үе
Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайлангаар 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд томоохон хувьсал гарах төлөвтэй байна. Тухайлбал 2030 он гэхэд БНХАУ-ийн үйлдвэрлэл, бизнесийн 92 орчим хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтрэх бөгөөд энэ хэрээр зах зээлд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, VR, AR-ийн ур чадварын хэрэгцээ өсөж байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо илүү өргөн хүрээтэй хөгжиж байна.
Хөдөлмөрийн зах зээлд ойрмогхон гарах энэ өөрчлөлтөд Монгол Улсын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна. Энэ шилжилтийг хийхэд өндөр хурдны интэрнэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмж, цахим сургалт, контентын нээлттэй сан, сургалтыг чиглүүлэх, дэмжих шинэ ур чадвартай багш, шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр бэлэн болсон байх шаардлагатай. 2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн Мэдлэ цахим сургалт энэ чиглэлээр Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим оронд сайн туршлага болж байна. Энэхүү сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран нэвтрүүлэх саналыг эдгээр улсын Боловсролын яам болон Гүүгл компаниас ирүүлээд байна. Мэдлэ цахим сургалтад суурилан ерөнхий боловсролын цахим сургуулийг байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Боловсролын яам бэлтгэж буй ажээ.
2024-2025 оны хичээлийн жилд Мэдлэ цахим сургалтад аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36,941 суралцагч хамрагдаж, сонгон судлах хичээлүүдээ судаллаа. Энэ туршлагаас харахад дээрх нөхцөл хангагдсан үед цахимд суурилсан бие даан суралцахуйг ерөнхий боловсролд амжилттай нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд танилцууллаа.
Тус яам хүүхэд залуучуудад бие даан суралцах, хиймэл оюун ухаан, технологийн ур чадварыг бага наснаас хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг бага ангиас эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.
Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Цаг үе
Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тариаланчдад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.
Энэ онд улсын хэмжээнд 312.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал, нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийж, өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан бөгөөд нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64.0 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид, иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.