Шударга мэдээ
"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Гепатитын Д вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.
Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай
Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусний халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусний халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан.
Монгол Улс гепатитын вирусний халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Гепатитын вирусний А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг.
Гепатитын Д вирусний халдвар ихэвчлэн гепатитын Б вирусний халдвартай хавсардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусний халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай байна.
Гепатитын Д вирусний халдварыг эмчлэхэд "Булевиртид" эм үр дүнтэй хэмээн гэж үзэж байна. "Булевиртид" нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.
Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас "Булевиртид" эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын Б, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс "Булевиртид" эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын Б, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын Б, Д вирусний эмчилгээнд хэрэглэх "Булевиртид" эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээ шаардлагатай иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.
"Булевиртид" эмийг анх ОХУ нээсэн бөгөөд эмийн патентаа АНУ-ын "Gilead Science" компанид зарснаар "Gilead Science" компани нь тус эмийн ганц патент эзэмшигч нь болсон. Оюуны өмчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын хүрээнд ОХУ зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн ба гадаад улс орнуудад экспортлох боломжгүй байна.
Эрүүл мэндийн яамнаас "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.1.1.5-д заасан “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг тус эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөөд байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-д “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасны дагуу гепатитын Б ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээн Засгийн газраас үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Шударга мэдээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
