Улстөр нийгэм
Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.
2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ. Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.
Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.
Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
