Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Огноо:

,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч бэлтгэн тус шүүхийн сайтад байршуулсан.
 
Давж заалдах шатны шүүхийн хувьд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн төдийгүй нийт 534 хавтаст хэргийн материалд авагдсан үйл баримтын хүрээнд талуудын гомдол, эсэргүүцэл, тайлбар зэрэгт хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрээ албан ёсоор хэвлэж, түгээхэд тодорхой хугацаа шаардагдах нь эргэлзээгүй асуудал билээ.
 
Тус шүүхээс, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар олон нийтэд нээлттэй байршуулах тул хүлээцтэй, судалгаа мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч иргэн, сэтгүүлч зэрэг олон нийтэд хандан мэдэгдэж байна.
 
Зарим зарим худал ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулсан дараах мэдээллийг тодруулан хүргэж байна. Тухайлбал,
 
1. Анхан шатны шүүхээс цагаатгасан нийт 48 хүнээс шүүгдэгч Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох,Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнд холбогдох хэргийг цагаатгасныг хэвээр үлдээж,
харин шүүгдэгч Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, О.Хуягцогт, О.Баяр, Д.Даваасамбуу, Б.Баттөр, Ц.Ууганбаяр, Г.Галсанням нарт холбогдох 20 хүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байх ба мөн шүүгдэгч Б.Баттөрт /21 дэх хүн/ холбогдох худал мэдээлэл өгөх гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд холбогдох нийт хэргээс зөвхөн хахууль авах гэмт хэргийг тусгаарлан прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох тухайн хэргийн хувьд хахууль өгсөн гэх өөр гэмт хэрэгтэй нэгтгэж эсхүл хахууль өгсөн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн учраас тусгаарласан.
 
2. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нийт 32 хүнээс 10 шүүгдэгчид холбогдох буюу шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Н.Сүхболд /10/-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн,
харин бусад нийт 22 шүүгдэгч болох Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж /нийт 22/ нарыг гэм буруутайд тооцсоны хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгч нарт холбогдох нийт хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн, харин цагаатгасан шийдвэр огт гаргаагүй болно.
Үндэслэлийн талаар тодотгосон товч мэдээлэл:
Анхан шатны шүүхээс “Модун” ХХК-ний захирал Д.Батбаяр, “Комплант” ХХК-ийн захирал О.Баяр нарт холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор “Модун” ХХК, “Комплант” ХХК-иудад Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчин их хэмжээний зээл олгож, давуу байдал олгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Чойжилжалбуу, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох тухайн гэмт хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл үүссэн учраас тухайн шүүгдэгч нарт холбогдох бүх гэмт хэрэг, тэдний гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн хувьд : Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хийсвэрлэн таамаглах байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх бөгөөд шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан нь Ё.Баатарбилэгт холбогдох хэргийн үйл баримт, нотолгооны стандарт, бусад асуудлыг шалгах, тогтооход зөрүү, зөрчил үүсгэжээ. Мөн анхан шатны шүүх, прокурорын хувьд хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулсан гэж үзсэн учраас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Э.Эрдэнэ, Ж.Ганхуяг нарын хувьд : Шүүгдэгч Э.Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан албан тушаалыг зөв тодорхойлон дүгнээгүй, тухайн шүүгдэгч нараас хураасан гэх гадаад валютыг төгрөгт шилжүүлээгүй буюу тооцсон баримтгүй, ямар хувь хэмжээгээр хариуцахыг таамаглах, дахин тооцох боломжгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөх үндэслэлгүй гэж үзсэн.
 
Шүүгдэгч Н.Мөнхбатын хувьд : Анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью яармаг хаусинг прожект” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох бусад гэмт хэргийн гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Б.Даажамбын хувьд : Анхан шатны шүүхээс “Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зарим дарга, гишүүд”-д холбогдох хэргийг бүхэлд нь хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох нийт гэмт хэрэг, гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Г.Байгалмаагийн хувьд : Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Байгалмаад холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар” зурсан буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэлгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох нийт гэмт хэрэг, гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Г.Батдорж, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын хувьд : Хөгжлийн банкны зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох бүх гэмт хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээр дурдсан байдлаар шийдвэрлэсэн учраас Хөгжлийн банкны зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хатгаж болон бусад хэлбэрээр хамтран оролцсон гэх тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хүчингүй болгохгүйгээр хууль зүйн дүгнэлт хийх бодит үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3, 4, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг урьдчилан тогтоох, гэм буруутай эсэх талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийн заалтын хүрээнд шийдвэр гаргасан болно.
 
Иймд анхан шатны шүүхээс гэм буруутай тооцсон шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь тэдэнд холбогдох хэргийг цагаатгасан буюу хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэл, утга агуулга огт илэрхийлэхгүй бөгөөд Давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийг урьдчилан таамаглаж шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, гэм буруутайд тооцоогүй этгээдийг шууд тооцох, эсхүл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлдэггүй буюу тийм эрх хэмжээ эдлэхийг хууль, зарчмаар хориглосон болохыг тодотгон тэмдэглэж байна.
 
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох