Цаг үе
Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ
Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Ассад болон түүний дүү Махер Ассадад хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган эзгүйд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь Ассадын гэр бүл таван арваны турш Сирид эрх барьсан үе дууссанаас хойш Башар Ассад болон түүний ойрын хүрээнийхэнд оноосон анхны шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байна.
Башар Ассад болон Махер Ассад нар 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газар нуран унасны дараа ОХУ руу дүрвэж, орогнол авсан тул шүүхийн шийдвэрийг одоогоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Мөн Ассадын үеийн өөр зургаан албан тушаалтанд эзгүйд нь цаазаар авах ял оноожээ.
Шүүхээс Ассад болон бусад шүүгдэгчдийг урьдчилан төлөвлөсөн аллага, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүх болон бусад ноцтой хүчирхийлэлд буруутай гэж үзсэн байна. Сирийн шүүгч Фахреддин аль-Ариан Ассад төрийн байгууллагуудыг ашиглан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.
Шүүхээс цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд Ассадын үеийн улс төрийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Атеф Нажиб багтжээ. Тэрээр 2011 онд Дараа хотод Засгийн газрын эсрэг уриа бичсэн өсвөр насныхныг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой. Энэ явдал Сирийн Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцэл дэгдэх нэг шалтгаан болж, улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайнд хүрсэн юм.
Харин хүний эрхийн зарим байгууллага шүүх ажиллагаа хэт яаравчлагдсан, шударга шүүхийн зарчим хангалттай мөрдөгдөөгүй байж болзошгүй гэж болгоомжилж байна.
Хүний эрхийн ажиглагчид цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлсэн бол Сирийн Шударга ёс, хариуцлагын төв энэ шийдвэрийг шилжилтийн үеийн түүхэн алхам гэж үнэлэхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны сул талыг анхааруулжээ.
Цаг үе
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Их эзэн Чингис хааны хөргийг согтууруулах ундаа, тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Энэ талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгсөн байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан арваннэгдүгээр сарын 10-нд Төрийн ордонд боллоо.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт арваннэгдүгээр сарын 6-нд баталсан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.
Уг тогтоолоор Чингис хааны нэр төр, хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоо” болон Их Монгол Улсын бэлгэдлийг ашиглах асуудлыг хууль, журмаар зохицуулахыг Засгийн газарт даалгажээ.
Мөн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах санал боловсруулах юм. Тус сангийн хөрөнгийг Их Монгол Улсын түүх, Чингис хааны үйл хэргийг судлах, хамгаалах, сурталчлахад зарцуулахаар тусгажээ.
Түүнчлэн Монголын түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, ном хэвлэл, кино, урлаг, соёлын үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн байна.
Цаг үе
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
НИТХ-ын ээлжит IX хуралдаан болж, НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д оруулсан юм. Ингэснээр 7 хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдөрт тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор цагаан сар, есдүгээр сарын 1-ний бэлтгэл ажлын үеэр болон олон улсын томоохон хурал зөвлөгөөний үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийдэг. Нийслэлээс иргэдийн автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж буй гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцолж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 744246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720122 авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.







Цаг үе
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


