Цаг үе
Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ
Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

Баянзүрх дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай 33-ийг байгуулахаар төлөвлөснөөс 31-ийг бариад буй. Ирэх онд үлдсэн хоёрыг нь байгуулахаар төсөвт суулгажээ. Мөн иргэдтэй нөхөрлөл байгуулж, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянзүрх дүүрэг 435 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Гэр хорооллын өрхийн тоо ч энэ хэрээр олон байгаа. Иймээс Сэлбэ, Дамбадаржаа, Дарь-Эх, Цайз, Шар хад дэд төвийн зарчмыг нийслэл цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөлт хийж буй. Ирэх жил Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол байгуулахаар бэлтгэл ажлыг эхлэх гэж байна. Ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Ирэх жилээс барилгын ажил эхэлнэ. Мөн зөвхөн дэд төвийг хүлээлгүйгээр төвийн инженерийн шугам сүлжээ явах боломжгүй өндөрлөг газруудад НОСК-ын туршиж буй “Hyabrid house” орон сууцны төслийг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ипотекийн одоогийн нөхцөлтэй уялдуулах чиглэлээр судалж үзэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс дэд бүтэц талаас нь дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээлээ.

Мөн тэрбээр гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахаар жилд хамгийн их санаачилга гаргаж ажилласан, үр дүн гаргасан дүүргийн нийслэлд татан төвлөрүүлдэг орлогын хэмжээг бууруулах урамшуулал олгох боломжтой гэдгийг дурдав.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Шар хад дэд төвийг түшиглэн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг байгуулахаар газар чөлөөлсөн ч тус дэд төвийн ажил явахгүй, зураг төсөл дуусаж байгаа гэдэг хариу өгдөг. Иймээс үүнд анхаарал хандуулахыг хүслээ.
Баянзүрх дүүргийн зүгээс гэр хорооллын айлуудыг хашаандаа 10 мод тарих уриалга гаргасан нь ажил хэрэг болж байгааг мөн онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
Цаг үе2023/10/02
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ
-
Улстөр нийгэм2020/06/18
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Цаг үе2021/11/08
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа
-
Цаг үе2024/01/10
Халтиргаа гулгаа, цана чаргатай холбоотой гэмтлийн тохиолдол эрс нэмэгджээ
