Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Хойд бүсийн Сэлбэ дэд төв есдүгээр нэгж хороололд хамаарна. Тус дэд төвийг нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоор байгуулсан.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг хийсэн юм. Харин өдгөө Долоон буудал орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа. Дээрх байршилд 2082 нэгж талбар хамрагдаж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд мэдээллийг ил тод болгож, иргэд хохирох, залиланд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсооно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр "Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гардаг. Энэ дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөн зогсоно.  Нийслэл хотод хаягийн бүртгэлтэй 1 сая 730 мянган иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад  1 сая 940 мянган бүртгэгдсэн байна. Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай.

Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой" гэв.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн  оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг ЭНЭ  хуудаснаас харах боломжтой. 

Ташрамд, нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

Огноо:

,

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулагдаж, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж байна. 

Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан дөрөвдүгээр Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс 10 дугаар хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл хээрийн судалгаа хийн, зөрчил арилгуулж байна.

Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Манай Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу яваад “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Өнөөдрөөс эхний ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж байна. Зөрчлийг хугацаанд нь арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна” гэв.

Ажлын хэсэг бүрд нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн багтаж, өөрсдийн чиг үүргийн хүрээнд зөрчил арилгаж буй. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын эвдрэл гэмтлийг бүртгэн, засварлах төлөвлөгөө гаргаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген “Уг Ажлын хэсгийн хүрээнд төвийн 6 дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг бүртгэж, нөхөх, засварлах ажлыг хийнэ. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замын ээлжит засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замыг 2006 онд өргөтгөн шинэчилснээс хойш ээлжит засвар хийж байгаагүй. Замын хашлага буюу бродюрын ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлд орсоны улмаас жолооч нар хашлага давж, явган хүний зам, хөвөөн дээр машинаа байрлуулах зөрчил гаргаж байгаа. Тиймээс авто замын хуучин бродюр солин, хашлага зөрүүлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтаан хучилт хийж дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг хаана” хэмээлээ.

Одоогоор дөрөвдүгээр Ажлын хэсгийн хариуцсан трасст зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 14, газар олголтоосоо илүү гаргаж, хашаа татсан 9, нийтийн эзэмшил болон дэд бүтцийн шугам сүлжээн дээр хашаа хайс барьсан 3, зөвшөөрөлгүй хаягжилт, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар байршуулсан 12 зөрчил илэрчээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна

Огноо:

,

2024 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоосон.

Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хамтран олон улс, улсын чанартай авто зам дагуу төлбөр авах цэгүүдэд авто машины жин хэмжигч пүүг суурилуулан даац хэтрэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Олон улсын стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг 5 тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 40 тонн, 6 болон түүнээс дээш тэнхлэгтэй бол 44 тонноор заасан байдаг.

Цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэссэн үед авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг тул дээрх хугацаанд авто зам хэрэглэгч та бүхнийг даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох