Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна

Огноо:

,

Сүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал, БНСУ, Япон, АНУ, БНУУ, БНПУ, БНЧУ болон бусад орнуудад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул Та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар БНСУ, Япон улсад албан ёсоор иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучилж байгаа болно. Ингэхдээ БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, БНСУ-ын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Япон улсын хувьд 2017 онд байгуулсан “Ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаархи санамж бичиг”, 2019 онд байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан. Санамж бичгүүдийн хүрээнд ур чадвартай ажилтан /үндсэн ажилтан/ болон ур чадварын дадлагажигч илгээх хоёр тогтолцоо зэрэг хэрэгжиж байна.

Ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага иргэнийг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг. Тиймээс  иргэдэд ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг Япон улстай байгуулсан Санамж бичгийн дагуу зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан гүйцэтгэх тул энэ үйл ажиллагаанд иргэн, япон хэлний сургалтын төвүүд, яамнаас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд оролцохгүй болохыг онцгой анхааруулж байна.

Сүүлийн үед иргэн, байгууллага, хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг газрууд Японд үндсэн ажилтнаар зуучилна гэх зар мэдээллийг олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр өргөн хүрээтэй зарлаж, үүндээ орон нутагт төрийн байгууллагуудыг татан оролцуулах байдал гарч болзошгүй байгаа тул Та бүхэнд энэ мэдээллийг хүргэн сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн тус яамнаас АНУ, Чех, Унгар, Польш болон бусад оронд Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгуулага байхгүй болохыг мэдэгдье.

Хэрэв зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Банкуудад репо арилжаагаар урт хугацаатай санхүүжилт олголоо

Огноо:

,

Монголбанкны  Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо.  

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.

Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан харилцагч банкиндаа хүсэлт гарган зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.

Цаашид Монголбанкны зүгээр цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэх болно.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалыг эндээс үзнэ үү.

МОНГОЛБАНК

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нийслэлийн 70 мянган өрхийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянга орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо.

Энэ үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулна. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.

Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70%-ийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна. Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох