Шударга мэдээ
Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр 60 хүртэл оюутан суралцуулна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр 60 хүртэл оюутан суралцуулна.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурав.
Энэ хүрээнд жил бүр 60 хүртэл оюутныг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж БНЧУ-ын их, дээд сургуульд технологи, хөдөө аж ахуй, биотехнологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургах юм.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс болон Австралийн Холбооны Улсын их, дээд сургуульд тэтгэлгийн эздийг суралцуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Шударга мэдээ
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Шударга мэдээ
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах зорилгоор өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгав.
Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий "Ногоон дата төв"-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжтой юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно.
Шударга мэдээ
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоол баталсан. Дээрх тогтоолын хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ.
-Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
- Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
- Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур багтаж байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарласан. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа байршуулжээ. Бүртгэл нь ирэх сарын 15-нд хаагдана.
Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.
