Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хийх ажлуудыг тодорхойллоо

Огноо:

,

Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, салбарын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд барилгын салбарын эрдэмтэн судлаач, инженер, зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч зэрэг мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, төслийн нэгж, төрийн холбогдох байгууллага зэрэг нийт 70 гаруй байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцсон юм.

Мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээлэл, оролцогчдын санал хүсэлтийг зөвлөгөөний төгсгөлд нэгтгэж дүгнэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан.

Тэрбээр “Барилгын үйл ажиллагааны үе шат бүрд тавих хяналт чухал, тэр дундаа төрийн хяналт нэн чухал нь харагдаж байна. Ерөөс хяналт сайн бол барилгын чанар, аюулгүй байдал хангагдана” хэмээв. Хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн саналуудын 60 гаруй хувь нь шат шатны хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр, мөн барилга барих зөвшөөрөл олгох, комисс хүлээн авах үйл ажиллагааг нээлттэй болгож, мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр давхардсан байна.

Дүгнэлтийг хууль эрх зүйн шинэчлэл хийх, хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулах гэсэн гурван хүрээнд гаргасан юм.

Хууль эрх зүй шинэчлэлийн хүрээнд:

  • Барилгын чанар, аюулгүй байдал, стандартыг хангуулахад чиглэсэн хуулиас эхлээд стандарт, норм, дүрэм, журмуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх.
  • Барилгын материал импортлогч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, хүлээх хариуцлага, тавих хяналтын тогтоцолцоог сайжруулах. Улсын хилээр заавал тохирлын баталгаанд хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг импортолдог болох.
  • Барилгын аюулгүй байдлыг барилгын чанараар хангахын тулд бүх үе шатанд төрөөс хяналт тавих үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
  • Шинээр баригдаад ашиглалтад оруулах боломжгүй барилга байгууламжийг ашиглалтад огт хүлээн авахгүйгээр албадан буулгах, орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхээс сэргийлж олон нийтэд мэдээлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох.
  • Хууль зөрчдөг, ажил цалгардуулдаг, төрийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгодо, хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэн хуулийн хариуцлага хүлээлгүй ажлаас халагдаад өнгөрдөг байдлыг таслан зогсоож, ажлаас халагдсан ч нөхөн хариуцлага хүлээлгэдэг болгох.
  • Төрийн хяналтын үйл ажиллагааг чанартай болгохын тулд гарсан хохирлыг санхүүгийн болон эрх зүйн хувьд дааж чадахуйц хөндлөнгийн хяналт хийх тогтолцоог бүрдүүлэх.
  • Барилга байгууламжийг хүчитгэх, бэхэлгээ хийх харилцаанд оролцогчид, тэдний үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  • Захиалагч барилга байгууламжийг барихдаа өөрийн хөрөнгөөр тухайн орчны авто замыг шинээр барих, өргөтгөх, хүрэлцээтэй авто зогсоол байгуулах, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж бүхий цогц төлөвлөгөөний дагуу барилгажуулах зохицуулалтыг бий болгох.
  • Барилгын материалын сорьцын лабораториор шалгагдсан материал нийлүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бараа материал нийлүүлэх тогтолцоог бий болгох.

Хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд:

  • 2002 оноос хойш баригдсан, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон барилгуудаас газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон барилгын газар олголтоос эхлээд улсын комисст хүлээн авсан бүх үе шатны зөвшөөрөл олголт, хяналт хийсэн эрх бүхий төрийн албан хаагч болон барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгах хүртэл арга хэмжээг авч, цаашид дахин зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлэхийг таслан зогсоох.
  • Ашиглагдаж байгаа барилгад давхар нэмсэн, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулсан, барилгын даацын ханыг нурааж газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн барилга байгууламжийн нэгдсэн судалгаа, дүгнэлт гаргаж, хууль, дүрэм зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох.
  • Гаднаас импортоор орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын үндсэн хийц бүтээцэд ашиглах материал болон зах зээл дээр жижиглэнгээр бэлэн зарагдаж байгаа барилгын туслах материалын чанар, аюулгүй байдалд байнгийн хяналт тавих, гарал үүслийг шалгадаг нэгдсэн тогтолцоог бий болгох.
  • Барилга захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.

Зохион байгуулалтын ажлын хүрээнд:

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөж, хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх.
  • Газар хөдлөлтийн голомтуудын нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх.
  • Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах.
  • Эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, чанарын лабораториор баталгаажсан барилгын материалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх.
  • Барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн нэгдсэн мэдээллийн санг байгуулж, олон нийтийг бодит мэдээллээр хангах.
  • Барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, бэхлэн хүчитгэх, барилга байгууламж ашиглалтын явцад тогтмол засвар үйлчилгээ хийх, мөн ашиглалтын шаардлага хангахгүй олон нийтийн зориулалттай болон орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, хамтран ажиллах.
  • Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг сайжруулж, цонхны чанар, стандартын шаардлагыг үл эвдэх сорилын аргаар шалгаж, тодорхойлдог хөндлөнгийн техникийн хяналтын байгууллагын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж хамтран ажиллах.
  • Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, комисс хүлээн авахдаа орон нутаг, дүүргээс санал авч, зөвшилцөх.
  • Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл, засвар шинэчлэлт хийх замаар барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл барих, үйлдвэр үйлчилгээ явуулдаг байдлыг зогсоож, буруутай этгээдээр сэргээн засварлуулж, хүчитгүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.
  • Зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгч компаниудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж, чадавхижуулах.
  • Хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд сурталчилан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах.

Зөвлөгөөний дүнд гаргасан эдгээр дүгнэлтэд үндэслэн  цаашид авч хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шат шатны төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, иргэд хариуцлагатайгаар хамран ажиллах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа

Огноо:

,

Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ.

"Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин 0.

Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.

Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг.

2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт6 цаг 38 минут

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Цаг үе14 цаг 55 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм14 цаг 58 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол15 цагын өмнө

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт15 цаг 11 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм15 цаг 17 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ15 цаг 24 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе15 цаг 27 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм15 цаг 34 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе15 цаг 38 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Санал болгох