Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Украйн нь хоёр дайсантай тулгарч байна: ОХУ ба Авлига

Огноо:

,

2023 оны 2-р сарын 9-ний өдөр Бельгийн Брюссель хотноо болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурлын төгсгөлд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нар гар барив.

АНУ, Европын холбоо, НАТО нь Украйныг үргэлжлүүлэн дэмжихээ амласан ч тус улсад тархсан авлига, хээл хахуульд санаа зовсон хэвээр байна.

Орос-Украйны дайн эхэлснээс хойш бараг нэг жил болж байхад олон зуун мянган хүн амиа алдаж, 17.6 сая орчим хүн хүмүүнлэгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болоод байна.

Украйны Засгийн газар ОХУ-ын эсрэг тууштай тэмцэж байгаа ч Киев нь олон жилийн турш Украйныг мөлжсөөр ирсэн өөр нэг дайсан болох авлигатай тэмцсээр байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Украйны эрх баригчид тус улсын Дотоод хэргийн сайдын гэрт нэгжлэг хийж, хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтныг ажлаас нь халжээ. Сэтгүүлчид, идэвхтнүүд нь Алексей Резниковыг Батлан хамгаалах яамны цэргүүдэд зориулсан хоол хүнсний материалыг асар өндөр үнээр худалдан авч байсныг илрүүлсэн ба үүнээс болж түүнийг халах шийдвэр гаргажээ.

АНУ, Европын холбоо болон НАТО нь Украйнд үргэлжлүүлэн туслахаа амласан ч барууны зарим улстөрч, цэргийн албан тушаалтнууд тус улсын авлига, хээл хахуулийг онцолж, тэдний өгсөн тусламж, хандивыг зөв удирдаж, зарцуулж байсан уу гэдэгт эргэлзэж байна.

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский нь барууныхны шүүмжлэлийг болон тусламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн чухал ач холбогдлыг маш сайн мэдэж байсан тул нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ өөрийн улсын авлигын талаарх эргэлзээг бууруулж, асуудлыг шийдвэрлэсэн.Тэрээр хэлэхдээ "Би үүнийг тодорхой болгохыг хүсч байна. Урьд өмнө байсан цаг үе рүү буцаж очихгүй" гэв.

Украийны Одесса дахь Мечниковын үндэсний их сургуулийн олон улсын харилцааны профессор Володимир Дубовик хэлэхдээ, “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа болон барууны цэргийн тусламжийг үргэлжлүүлэн авах гэсэн Зеленскийн хүсэл хоёрын хооронд ямар нэгэн холбоо байгаа нь гарцаагүй” гэж Аль Жазира агентлагт ярьжээ.
"Зеленский нь АНУ болон барууны орнуудад Украйныг хэт авлигад идэгдсэн гэж нэрлэдэг хүмүүс байгааг мэдэх бөгөөд энэ асуудлыг цаг алдалгүй хурдан, шийдэмгий шийдвэрлэх ёстой гэдгээ ойлгосон" гэж Дубовик хэлэв. "Украйны хамгийн ихээр айх айдас бол АНУ болон Барууны орнууд тэднийг орхиж, зэвсгийн урсгал зогсох вий гэсэн айдас юм" гэж тэрээр нэмж хэлэв.

Барууны орнуудад Украйнын эсрэг үзэл бодол байна уу?

2022 онд АНУ нь Украйнд 48 тэрбум ам.доллартой дүйцэхүйц хэмжээний цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. АНУ-ын Бүгд найрамдах намынхан тус улсад тусламж илгээх талаар эргэлзэж эхэлж байна. Нэгдүгээр сард Бүгд найрамдах намын төлөөлөгч Маржори Тэйлор Грин нь твиттер хуудсандаа Украйныг "дэлхийн хамгийн авлигад идэгдсэн орнуудын нэг" гэж нэрлээд, "Америкчуудын төлсөн татварын долларыг хулгайлж байна уу" хэмээн жиргэж, тэднийг сэжиглэж байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Грин нь мөн АНУ-ын Конгресст хандаж Украйнд илгээсэн бүх тусламжид аудит хийхийг шаардсан тогтоолыг өргөн барьсан.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын ууган хүү болох бага Дональд Трамп нь 2022 оны арванхоёрдугаар сард твиттер хуудсандаа “Зеленский бол үндсэндээ талархдаггүй, олон улсын халамж горилсон хатан хаан” хэмээн жиргэжээ.

“Украйнчууд хандивлагч улс орнуудын улс төр, соёлыг маш сайн мэддэг. Тэд Америкийн улс төрийн тогтолцоонд өөрчлөлт гарч, тэдэнд өгдөг тусламж, хандивийг зогсоож болзошгүй гэх мессежийг авах нь гарцаагүй” гэж Ганс-Морсе хэлэв.

Үүний зэрэгцээ, Европын Холбоо нь Украйныг дэмжих амлалтаа биелүүлсээр байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш 27 гишүүнтэй эвсэл нь тус улсын энгийн иргэдэд ойролцоогоор 67 тэрбум евро (72 тэрбум доллар) өгөхөө амласан.

Польшийн улс төрч, Европын парламент дахь ЕХ-Украйны парламентын холбооны хорооны дарга Витольд Вашчиковски нь Аль-Жазира агентлагт хэлэхдээ, яг одоо Украйны хувьд хамгийн чухал зүйл бол Оростой хийж буй дайнд ялах явдал бөгөөд бусад асуудал хоёрт тавигдана хэмээв. “Тэднийг дайнд ялахад туслах нь бидний үүрэг, хариуцлага мөн. Украйнд цахилгаан, дулаан, усгүйгээр өвлийг давахад нь туслах нь ч мөн адил чухал” гэж тэрээр нэмж хэлэв.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх нь Украйныг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх чухал асуудал билээ. 2022 оны 6 дугаар сард ЕХ нь Украйныг "нэр дэвшигч орон" гэж тодотгосон ба энэ нь Киевийг ЕХ-ны гишүүн болох гэж буйг харуулах анхны алхам юм. Гэхдээ гишүүнээр элсэхээсээ өмнө нэр дэвшигч орнууд нь ЕХ-ны стандартад нийцүүлэхийн тулд улс төр, эдийн засаг, хууль дээдлэх тогтолцооны хэд хэдэн шинэчлэлийг хийх шаардлагатай байдаг.

Атлантын Зөвлөлийн Дижитал Шүүхийн шинжилгээний лабораторийн суурин бус ажилтан Лукас Андриукайтис нь Аль-Жазира агентлагт хэлэхдээ, “Киевийн одоогийн авлигын эсрэг хийж буй тэмцэл нь Киевт болсон ЕХ-Украйны дээд хэмжээний уулзалтын өмнөх улс төрийн мэдэгдэл болсон байж магадгүй бөгөөд энэ нь Украйныг ЕХ-нд элсэхэд нөлөөлөх чухал асуудлын нэг юм” гэв. Тэрээр нэмж хэлэхдээ, “ЕХ-ны хэлэлцэж буй Барууны орнуудын санхүүгийн дэмжлэгийг хурдасгах асуудлын хүрээнд тэд өөрсдийгөө авлигыг тэвчихгүй гэдгийг харуулах хэрэгтэй” гэв.

Киевт болсон ЕХ-Украйны дээд хэмжээний уулзалтын дараа ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар нь хамтарсан мэдэгдэл гаргаж, “Украйн нь Европын холбоонд гишүүнээр элсэх зорилтоо биелүүлэхийн тулд их хүчин чармайлт гаргасан” гэж хэлсэн боловч элсэх үйл явц хурдасна гэх санааг илэрхийлсэнгүй.

Украйн дахь авлигатай тэмцэх өргөн хүрээний тэмцэл

Украйны авлигатай тэмцэх кампанит ажил нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд тус улсын иргэдийн хувьд авлигад автсан албан тушаалтнуудыг халсан явдал нь олон жил хийгдэж буй авлигатай тэмцэх хөдөлгөөний ахиц дэвшлийг харуулаад байгаа юм.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын хамгийн сүүлийн үеийн авлигын төсөөллийн индексээр 2022 онд Украйн нь 180 орноос 116-д жагсчээ. Тус улс нь сүүлийн найман жилийн хугацаанд авлигатай тэмцэх тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан гэж тайланд тэмдэглэсэн байна.

2014 онд авлигын эсрэг олон зуун жагсагч амь үрэгдсэний дараа Украйны парламент нь Оросыг дэмжигч Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан бөгөөд энэ нь Майданы хувьсгал буюу нэр төрийн хувьсгал гэж нэрлэгдэх болсон билээ. Хуульч Оксана Нестеренкогийн хэлснээр, хувьсгалын дараа улс орноо ЕХ-ны гишүүнээр элсүүлэхийг хүсч буй энгийн иргэдийн шаардлагыг биелүүлэхийн тулд Засгийн газраас Авлигатай тэмцэх үндэсний товчоо, Авлигатай тэмцэх дээд шүүх болон бусад агентлагуудыг байгуулсан гэв. “Украйн авлигатай тэмцэх чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасан. Гэхдээ иргэний нийгэм энэ үйл явдлын гол үүрэг гүйцэтгэгч болж байна” гэж тэрбээр Аль Жазирад ярьжээ. Дараа нь 2022 онд дайн эхэлсэн бөгөөд энгийн иргэд бид нөхцөл байдал сайжрах хүртэл шаардлагаа зогсоох шийдвэр гаргасан.

“Украйны Засгийн газар нь ОХУ-ыг хэрхэн тэднийг авлигад идэгдсэн улс хэмээн барууныханд харуулахын тулд зүтгэж байгааг ойлгосон. Тиймээс авлигатай тэмцэх улс төрийн хүсэл нь илүүтэйгээр нэмэгдсэн. Авлигатай тэмцэх үндэсний стратегийг 2022 онд гаргасан бөгөөд мэргэжилтнүүдийн хувьд бид дайны өмнөх шиг авлигын эсрэг тэмцэх ажилдаа эргэн орсон” гэж тэрээр нэмж хэлэв.

Авлигатай тэмцэх нь Зеленскийн 2019 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын стратегийн нэг байсан ч тэрээр эхэндээ маш бага амжилт үзүүлсэн ба яваандаа түүний хөдөлмөрийг сонгогчид анзаарчээ. Киевийн олон улсын социологийн хүрээлэнгийн мэдээлснээр дайны өмнөхөн түүний үнэлгээ 27 хувьтай байжээ. Гэвч дайн эхэлснээс хойш Зеленскийн нэр хүнд нэмэгдэж, одоо 84 хувь руу дөхөж байна. Ганс-Морсе хэлэхдээ, өнөөдөр Украйны Засгийн газар "ямар ч төрийн хийх зүйлийг гүйцэлдүүлж байгаа туйлын хариуцлагатай төр” лугаа харагдаж байна гэв. "Зеленскийд одоо урьд өмнөхөөсөө илүү авлигатай тэмцэх эрх мэдэл бий" гэж тэрээр нэмж хэллээ.

Үл итгэх байдлыг гааруулж буй нь

Украйны авлигатай тэмцэх тэмцэл ширүүсэхийн хэрээр Оростой хийж буй тэмцэл ч ялгаагүй ширүүссээр байна. Кремлийг дэмжигч сошиал сүлжээний хэрэглэгчид, троллууд нь Украйны нэр хүндийг гутаах зорилгоор Украйны албан тушаалтнуудыг баривчилж буй бичлэгийг нийтэлж, онлайн дайн эхлүүлснийг Андриукайтис онцлон тэмдэглэв. "Энэ нь нэг ёсондоо барууны нийгэмд Украйнд итгэх итгэлийг бууруулж, хандив дэмжлэгийг зогсоох санаатай явдал юм" гэж Андриукайтис хэлэв.

Дубовик хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь Украйн дахь авлигын эсрэг тэмцлээс эмээж байгаа бөгөөд энэ нь түүний дотоод эрх мэдлийг сулруулж болзошгүй гэж үзэж байна гэв. Тэрээр нэмж дурдахдаа, Оросууд "Хэрэв Украйн чадах юм бол бид яагаад чадахгүй гэж?" гэж асуух болно гэв.

Хэрэв Украйн ардчиллаа амжилттай бэхжүүлж, Оросоос холдох юм бол энэ нь Путинд томоохон заналхийлэл болох билээ.

Эх сурвалжhttps://www.aljazeera.com
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Малын хорогдол 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгал газар дээр нь ажиллана

Огноо:

,

Шуурхай бүлгийн 3-р бүлэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдад ажиллаж, Сумдын онцгой комиссыг хурлыг зохион байгуулсан.

Мөн тус сумдын 26 өрхийн 50 гаруй малчидтай уулзан хүн эмнэлэг болон мал эмнэлэгийн үйлчилгээ, хүнсний багцын тусламж үзүүлсэн бол одоо Галт, Шинэ Идэр сумдад ажиллаж байна.

Сумдын шуурхай штабтай хийсэн өргөтгөсөн хурлаар Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор 2 дугаар сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4 дэх хэсгийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Шуурхай багаас Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс Хөвсгөл аймагт туулах чадвартай 8 машин дайчилснаас Галт, Шинэ Идэр сумдад тус тус хуваарилжээ.

Айл бүрийг чиглэсэн зам гаргах хүндрэлтэй учир нэн яаралтай чиглэлийн замыг машин техникийг дайчлан нээж байна. Мөн сургуулийн 60 гаруй хүүхдийг сургуульд нь татан авчирч байрлуулах арга хэмжээ авах юм байна.

Шинэ Идэр сумын малын хорогдол 5.3 хувь хүрсэн. Хэрвээ 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ яаралтай хийлгэнэ.

Галт суманд 50 хувийн хөнгөлөлттэй 30 тонн тэжээл аймгийн нөөцөөс өгсөн бол Шуурхай бүлэг 5 тонн тэжээл шийдвэрлэв.

Шинэ Идэр сум өмнө нь 50 тонн тэжээл шийдвэрлэсэн бол шуурхай бүлэг нэмж 5 тонныг шийдвэрлэжээ. Сум, аймгийн нөөц дууссан тул санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Онцгой комисс дээр ярьж шийдвэрлэхээр тогтов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Халиа тошин үүссэн байршлуудаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна. Өдрийн цагаар мөсийг хагалж бөөгнүүлэн, шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зөөж, шилжүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-н гэхэд уг ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа учраас техник технологийн болон хүн хүчний боломжит нөхцөлийг ашиглан, уртасгасан цагаар, шахуу ажиллаж байна” хэмээв.

Хувийн хэвшлийн 25 аж ахуйн нэгжээс мөс зөөхөд хамтран ажиллах санал ирснээс техник технологийн бүрэн байдлыг хангасан 12 аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүссэнээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Халуун сэтгэл" малчдадаа туслах аянд нэгдэхийг уриалж байна

Огноо:

,

Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Аяныг 2 дугаар сарын 24-ны Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНТ-ээр шууд нэвтрүүлэх бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ.

Малчдад туслах аянд нэгдэхийг хүссэн хувь хүн байгууллага бүрт нээлттэй бөгөөд хандивын аян зохион байгуулж байгаа бусад хувь хүн, байгууллагыг нэгдэн төвлөрөхийг уриалж байгаа юм байна. Аян шууд дамжуулалтын үеэр МҮОНРТ дээр тусгай цэг ажиллуулж, эд материалыг тусламжийг бүртгэн хүлээх авах ажлыг зохион байгуулах аж.

Санаачлагчид тусгай данс нээж, цугласан хандив тусламжаар хэрэгцээтэй эд зүйлсийг судлан авч, нэн даруй хүргэх ажлыг гардан зохион байгуулахын сацуу гар бие оролцох бүх хүнд нээлттэй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс аянд нэгдэх хүмүүс шууд нэвтрүүлгийн үеэр ажиллах тусгай дугаар руу холбогдон мэдээллээ солилцон гар бие оролцоорой хэмээн уриалж байна.

Тусламжийн аяны тусгай дансыг шууд дамжуулалтын дараа хааж, нэгтгэсэн тайлан гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, малчдадаа туслах аян хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нэгдэхийг хүсжээ. Та бүхэн холбогдох мэдээллийг 72007070 утсаар авна уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох