Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3/ тогтвортой” түвшинд хэвээр үлдээв

Огноо:

,

"Мүүдиз" агентлаг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын урт хугацааны “B3” болон гадаад валютаарх тэргүүн ээлжийн барьцаагүй бонд (foreign currency senior unsecured bond ratings)-ын зээлжих зэрэглэлүүдийг баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үзлээ. Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Нэгдүгээр зэрэглэлийн бус /Not Prime/” түвшинд баталгаажуулав. Тус байгууллага дараах үндэслэлээр зээлжих зэрэглэлийг тогтоосон гэдгээ хэвлэлийн мэдээлэлдээ дурджээ. Үүнд:

  • Монгол Улсын “B3” зэрэглэлийг нэг талаас эх үүсвэрийн болон гадаад орчны эрсдэлүүд өндөр байгаа явдал, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийн төлөв сайн, өрийн эргэн төлөлтийн төлөв өмнөх үетэй харьцуулахад сайжирсан зэргийг нь харгалзан тус тус тодорхойлов. Гадаад өрийг 2023 оны 1 дүгээр сард дахин санхүүжүүлснээр Монгол Улсын ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлага (хэдий өндөр хадгалагдаж байгаа ч) илүү удирдахуйц түвшинд хүрэв. Түүнчлэн сүүлийн үед БНХАУ Коронавирусын эсрэг хатуу бодлогоосоо татгалзаж, Монгол Улс дэд бүтэц, логистикийн бүтцээ ахиулах ажлаа үргэлжлүүлэн, уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлж буй нь гадаад валютын орох урсгалыг алгуур сэргээх, ирэх жилүүдэд ДНБ потенциал түвшиндээ хүрч өсөхөд дэмжлэг үзүүлэхээр байна.
  • Институтийн сул дорой хөгжил, эдийн засгийн төрөлжилт дутмаг байгаа нь төсөв болон эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийг нэмэгдүүлж буйг мөн “B3” зээлжих зэрэглэл илэрхийлж байна. Ирээдүйн төлөв байдлыг “тогтвортой” хэмээн үнэлсэн нь гадаад эх үүсвэрийн эрсдэл өндөр хадгалагдаж буй хэдий ч удирдахуйц түвшинд байгаатай холбоотой юм.
  • 2026 оны эцэс хүртэл Монгол Улс их хэмжээний өр төлбөр барагдуулахтай холбоотойгоор зарим тохиолдолд санхүүгийн хэрэгцээ шаардлага огцом нэмэгдэж болзошгүй ч Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт босгох өртөг нь хэт өндөр бус байх боломжтой, ингэснээр гадаад өрийн эргэн төлөлт хүндрэх магадлал “B3” зээлжих зэрэглэлтэй нийцтэй түвшинд хязгаарлагдана хэмээн Мүүдиз агентлаг үзэж байна.
  • Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэл (local-currency country ceilings) “B1” түвшинд хэвээр байна. Гадаад валютаар зээлжих зэрэглэл (foreign-currency country ceiling) “B3” түвшинд байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэлийн дээд хязгаараас 2 пунктээр ялгаатай байна. Энэ нь эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо их, нийт орлого түүхий эдийн үнээс хэт хамааралтай, гадаад тэнцвэргүй байдал өндөр байгаагийн илрэл билээ. Мөн Монгол Улсын бодлогын үр нөлөө сул, гадаад өрийн түвшин өндөр байгаагаас үүдэн гадаад эмзэг байдал нэмэгдэх үед валютыг гуйвуулах болон хөрвүүлэх эрсдэл тохиож болзошгүйг онцолсон байна.

"Мүүдиз" агентлагийн Англи хэл дээрх хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд зам, талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна.

Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг.

Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.

Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг.

Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна.

Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

3, 4 хорооллын авто замыг хааж, засварлана

Огноо:

,

Баянгол дүүргийн 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хийж гүйцэтгэнэ.
 
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох